Японы Шизүока муж Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт нэгдүгээр сарын 15-19-нд Токио болон Шизүока хотод тус тус болох гэж байна.
Энэ үеэр Шизүока хотноо хүнсний бүтээгдэхүүний "Фүжино күни 2020" үзэсгэлэн, бизнес аялал зохион байгуулах талаар "Экспорт, олон улсын худалдааны төв" ТББ-аас мэдээлж байна. Японд болох уулзалтууд манай улсын ЖДҮ эрхлэгч нарт зориулагдаж байгаа аж. Учир нь уулзалтуудын үеэр Шизүока мужийн ЖДҮ-ийн танилцуулга, бизнесийн түншлэл, хамтын ажиллагааны талаар мэдээлж Японы гадаад худалдааны хамтын ажилллагааны байгууллага JETRO болон мужийн хамтын ажиллагааны SIBA байгууллагаас бизнесийн зөвлөгөө өгөх юм байна.
Мөн Шизүока мужийн “Shizutetsu retailing” болон "Shizuoka concierge” компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах талаар зохион байгуулагчид нь хэлж байна.
Үүний өмнөхөн хоёр улсын хооронд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Япон-Монголын бизнес чуулган, “Invest in Mongolia 2019” Японы нийслэл Токио хотноо болж, энд Монголын талаас 20 орчим албаны, 20 гаруй бизнесийн төлөөлөл оролцож, уул уурхайн бус хүнс, хөнгөн үйлдвэр, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, арьс шир, гутлын үйлдвэр, гар урлал, мэдээллийн технологи, ноос ноолуур, гадаад худалдаа, аялал жуулчлал, бусад салбарын бараа бүтээгдэхүүний дээжээ танилцуулсан юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Япон улсад ажлын айлчлал хийхдээ, тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны харьяа ЖДҮ-ийн агентлагийн удирдлагуудтай албан ёсоор уулзаж, хоёр орны ЖДҮ-ийн харилцааг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцсон юм.
Тус ажлын хүрээнд Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI), Японы гадаад худалдааны байгууллага JETRO, Японы Жижиг, дунд үйлдвэрлэлийн агентлаг /SME Agency/, Монгол Улсын ХХААХҮЯ, “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ-тай хамтран “Invest in Mongolia 2019” Япон-Монголын бизнес чуулганыг зохион байгуулсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ