Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭГ ДОРООС: Сонгогч таны санал өгөхөөсөө өмнө мэдсэн байх ёстой зүйлс

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 8 секунд

Монголын ард түмэн маргааш ирэх дөрвөн жилд төрийн эрхийг барих дээд байгууллагад илгээх төлөөллөө сонгоно. Арав хүрэхгүй минут л зарцуулах энэ сонголт бидний ирээдүй урагшлах уу аль эсвэл ухрах уу гэдгийг шийдэх сонголт юм. Нэг ёсондоо, өөрчлөлтийн эхлэл байх учиртай. Тиймээс иргэн нэг бүрийн оролцоо энд тун чухал. Харин та хаана очиж, хэрхэн, яаж сонгуулиа өгөх вэ зэрэг олон, олон асуултад эргэлзээ тээн алхаж байгаа бол энэхүү нийтлэлийг сонгогч танд хүргэхээр бэлтгэлээ.

-Санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлж 22.00 цаг хүртэл үргэлжилнэ-

Сонгууль зохион байгуулах тухай холбогдох хууль тогтоомжид заасны дагуу санал хураалтыг зургаадугаар сарын 28-ний өдрийн өглөөний 07.00 цагаас орон даяар эхлүүлнэ. Санал хураалт оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 27-ны 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах иргэдээс очиж санал авна.

-Санал очиж өгөх хэсгийн хорооны мэдээллээ утсаар болон цахимаар лавлах боломжтой-

Улсын хэмжээнд санал авах 2198 хэсгийн хороо ажиллана. Иргэн та санал авах байрны хаягаа цахимаар / https://election.burtgel.gov.mn / сайтаар шалгах боломжтой. Харин та санал авах байрны хаягаа утсаар лавлах тохиолдолд 1800-2800 дугаараар холбогдох боломжтой. Улсын хэмжээнд ажиллах хэсгийн хороодын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харах боломжтой юм.

-Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө-

Иргэн та хэсгийн хороонд очиж саналаа өгөхдөө юуг анхаарах вэ. Ямар дарааллаар саналаа өгөх вэ

  • Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэй ирж, саналаа биечлэн өгнө
  • Сонгогч саналын хуудсанд бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийж саналаа өгнө
  • Сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хориглоно
  • Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтас хэрэглэж саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ
  • Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ
  • Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгч болно
  • Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай хэсгийн хороонд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч, саналаа өгч болно
  • Хэсгийн хороо хураалгасан саналын хуудасны зүүн доод өнцгийг хайчлан, тэмдэглэл хөтлөн хадгална
  • Эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээл болон боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар саналаа өгч болно
  • Энэ хуулийн 62.9-д заасан итгэмжилсэн хүн нь хоёроос дээш сонгогчид туслалцаа үзүүлэхийг хориглоно. Сонгуулийн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, ажиглагч, улс төрийн албан тушаалтан нь итгэмжилсэн хүн байж болохгүй
  • Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
  • Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайл үсэг бүхий хавтас санал авах байр бүрд байна

-Хоёр саналын хуудасны нэгд тойргоос дэмжиж буй нэр дэвшигчийг, нөгөөд нь дэмжиж буй нам, эвслийн өмнөх зуйванг дүүргэн будна-

Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь сонгуулийн холимог тогтолцоог ашиглаж байгаа явдал билээ. Тодруулбал, эл сонгуулийн тогтолцоог ашиглаж буйтай холбоотойгоор энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр УИХ 126 гишүүнтэй болох юм. Үүний 48 нэр дэвшигчийг жагсаалтаар, 78-ыг тойргоос сонгохоор хуульчилсан. Үүний дагуу сонгогчид хоёр саналын хуудас очно.

ЭХНИЙ САНАЛЫН ХУУДАС:

Нэг саналын хуудсанд та тухайн тойргийн мандатын тоогоор дэмжиж буй нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуйван дүрсийг дүүргэн будна. Жишээлбэл, танай дүүрэг УИХ-ын 5 мандаттай бол та тойргоос нэр дэвшигчдээс таван хүний нэрний өмнөх зуйван дүрсийг дүүргэн будна гэсэн үг юм. Мандатын тооноос илүү болон дутуу үед санал тоологч төхөөрөмж таны саналын хуудсыг уншихгүй.

ХОЁРДАХ САНАЛЫН ХУУДАС:

Дараа нь УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүдээс өөрийн дэмжсэн нэг л нам, эвслийн өмнөх зуйванг дүүргэн будна. Хэрэв үүнээс илүүг будвал саналын хуудас хүчингүй болно. Буруу дугуйлснаа мэдвэл дахин нэг л удаа саналын хуудас авах эрхтэй.

-ТАНИЛЦ: Сонгуулийн 13 тойрог тус бүрийн МАНДАТЫН ТОО-

Энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулж байгаа буюу 2-3 аймаг нэр тойрог болж буй. Тэгвэл таны амьдарч буй тойрог хэдэн мандаттай вэ. Өөрөөр хэлбэл, таны саналын хуудаст тэмдэглэх хүний тоо тухайн бүс нутагт ногдож буй мандатын тоотой ТЭНЦҮҮ байх юм.

-БЭХЭН ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙНЭ-

Саналаа өгч дууссаны тань дараа таны хуруунд бэхэн тэмдэглэгээг хийнэ. Санал авах байранд ажиллаж буй хэсгийн ажилтан эл бэхэн тэмдэглэгээг хийх зохицуулалттай. Энэ нь таныг сонгуулиа өгснийг илтгэх зүйлсийн нэг юм.

-ХАРИУЦЛАГА: Сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд худал мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийг ТОРГОНО-

Сонгогч та хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд дараах хариуцлагын асуудал яригдана. Зөрчлийн тухай хуулийн 17.1-т Сонгуулийн хуулийг зөрчих зүйл заалттай холбоотой хэсэг бий. Үүнд:

Нэгдүгээрт: Хүн хуулийн этгээд Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан мэдэгдэл хийсэн бол хүнийг 10 мянган төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн санкцтай

Хоёрт: Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх ёстой. Үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг 20 мянган төгрөгөөр торгоно

Гуравт: Зөрчлийн тухай хуулийн 18.2-т буюу Зөвшөөрснөөс бусад хугацаанд Сонгуулийн сурталчилгаа хийсэн иргэнийг 20 мянган төгрөг, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай

Дөрөвт: Сонгуулийн хууль зөрчих зөрчлийн 30.1-т Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудсыг авч гарсан, тэмдэглэсэн саналын хуудсын зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,

  • Саналын хуудсыг зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн,
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн эсвэл өгөхгүй байхаар мөнгө эд зүйл шаардсан бол хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх мөнгөөр торгох хуулийн заалттай.

-Саналын хуудсыг 100 хувь ГАРААР ТООЛНО-

Сонгуульд санал өгөөд л болчихлоо гэж бодож болохгүй. Сонгуулийн явцад өрнөх процесст иргэн бүр анхаарал хандуулж оролцох нь ч чухал билээ. Тэгвэл жил бүр "хар машин"-тай холбоотой шүүмжлэл гардаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар саналын хуудсыг гараар 100 хувь тоолно. Тус үйл явц нь ажиглагч болон хэвлэлийнхэнд нээлттэй явагдах юм.

-ТОЙРОГ: 13 тойрогт өрсөлдөж буй НЭР ДЭВШИГЧИД-

Тэгвэл нам, эвслүүдээс таны амьдарч буй тойрогт ямар, ямар нэр дэвшигч өрсөлдөж байна вэ гэдэгт мэдээлэл хүргэе.

-ЖАГСААЛТ: Нам, эвслүүдийн жагсаалтаар нэр дэвшүүлсэн хүмүүс-

Үргэлжлүүлэн нам, эвслүүдээс жагсаалтаар нэр дэвшиж байгаа хүмүүсийн мэдээллийг хүргэе. Тодруулбал, намын жагсаалтад нийт 48 хүн багтаж байгаа билээ. АН, МАН, ХҮН, Үндэсний эвсэл зэрэг улс төрийн хүчнүүд намын жагсаалтыг дараах байдлаар гаргажээ. Харин бусад намуудын тойрог болон жагсаалтаар нэр дэвшигчдийн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ авах боломжтой.

АРДЧИЛСАН НАМ
МОНГОЛ АРДЫН НАМ
ХҮН НАМ
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ

-ТАНИЛЦ: Сонгуульд оролцож буй 21 нам, эвслийн МӨРИЙН ХӨТӨЛБӨР-

Иргэн та төрд илгээх төлөөллөө сонгохоос өмнө сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан байх шаардлагатай. Энэ удаагийн сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

Харин иргэн танд сонирхуулах үүднээс манай сайтын бэлтгэсэн АН, МАН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН, Ард түмний хүч нам, Үнэн ба зөв, Ард түмний олонхийн засаглал намуудын мөрийн хөтөлбөрөөс онцлог, анхаарал татсан заалтуудыг тусгасан нийтлэлийг хүргэж байна.

-МӨРИЙН ХӨТӨЛБӨР: МАН ядуурлыг 2 дахин бууруулж, АН авлигын мөнгийг төрд хурааж, ХҮН ААНОТ-ыг 50 хувиар хөнгөлж, Үндэсний эвсэл ХАА-д роботжуулалтыг нэвтрүүлнэ гэв

Энэхүү нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу

-МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ИЗНН хувийн мөрдөгчийн хууль батлуулж, Л.Гүндалайн нам малчдын хүүхдийг гэрээр сургаж, А.Отгонбаатарын нам дундаж наслалтыг 75-д хүргэнэ гэв

Энэхүү нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу

Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой

“Бэлтэс Мөрөн”-ий үүсгэн байгуулагчдад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ
“Бэлтэс Мөрөн”-ий үүсгэн байгуулагчдад холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.