АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг хойшлуулашгүйгээр баривчилсан нь нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Улмаар АТГ-аас прокурорт хүргүүлсэн хүсэлтийн дагуу тавдугаар сарын 30-ны өдөр сулласан.
Хэдийгээр түүнийг сулласан ч "Монполимет групп"-д хамаарах компаниудын дансыг урьдчилж мэдэгдэлгүйгээр хаасан талаар тус группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр,
"Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компаниудын маань данснуудыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ. Бид зээлээ 200 хувь төлж дуусгасан. 32 жил татвар төлсөн. Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллацгааж, төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш. ЖДҮ-чин биш. Бид төрөөс төрсөн тэрбумтанууд огтхон ч биш. Ойлгохоо байлаа" гэжээ.