Энэ сарын 24-ний өдөр ҮХЦ-ийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд орны гишүүдийг томилох асуудлыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Тодруулбал, Цэцийн гишүүн Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд хугацаа нь дууссан тул орны гишүүдээр Ерөнхийлөгчийн зүгээс Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг санал болгоод буй юм.
Мөн Ш.Солонго мөн энэ өдөр Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 33 дугаар тогтоолоор томилогдож байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Ц.Цолмонг томилуулах саналыг УИХ-аас гаргаад байсан юм. Тэгвэл дээрх гурван хуульчийг ҮХЦ-ийн гишүүнд дэмжиж шийдвэрлэлээ.Тодруулбал УИХ-ын 68.3 хувийн саналаар гишүүнд Ц.Цолмонг, 65.9 хувтийн саналаар Б.Болдбаатарыг, 65.9 хувийн саналаар Р.Батрагчааг тус тус дэмжлээ.
Б.Болдбаатар гэж хэн бэ
Б.Болдбаатар нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг байна. Мөн 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. Орос, англи хэлтэй.
- 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр,
- 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежер,
- 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирал, багшаар,
- 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч,
- 2005-2006 онд Улаанбаатар төмөр зам ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар,
- 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар,
- 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар,
- 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд 2021 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 19 жил ажиллажээ.
Р.Батрагчаа гэж хэн бэ
Р.Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1995 онд Улаанбаатар хотын 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, хууль зүйн магистрын зэрэгтэй. Англи, орос хэлтэй.
- 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор,
- 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар,
- 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар,
- 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар,
- 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр,
- 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, - 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар,
- 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
- 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуульч мэргэжлээр 17 жил ажиллажээ.
Ц.Цолмон гэж хэн бэ
Ц.Цолмон 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988 онд нийслэлийн 52 дугаар сургуулийг дүүргэсэн. 1988-1992 онд ОХУ-ын Омскын технологийн сургуулийг төгссөн. 1994-1998 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, 2001-2003 онд Английн Эксетерийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж хууль зүйн ухааны магистрын зэргийг хамгаалсан байна.
- 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн
- 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш,
- 2004 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх,
- 2004-2013 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга,
- 2014-2016 онд Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
- 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар ажиллажээ.