С.Зориг агсны хөшөөтэй АН-ын төв байрыг буулгаж, оронд нь олон давхар оффисын зориулалттай байр барих гэж буй асуудал АН дотор хэрүүлийн алим тариад буй. Тодруулбал, тус байрыг эзэмшигч "Шинэ дэвшилтэд холбоо" ТББ нь Монгол Улсын тэргүүн шадар сайд асан Да.Ганболдынх бөгөөд тэрбээр саяхан С.Зоригийн хөшөөг нүүлгэх асуудлаар МоАХ-нд хүсэлт гаргасан мэдээлэл ч цацагдаад байсан юм.
Уг мэдээлэлтэй холбогдуулан ЕТГ-ын дарга асан Ө.Шижир өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Да.Ганболд тэргүүтэй хэсэг хуяа нар С.Зоригийн хөшөөтэй газрыг заржээ" гэсэн мэдээлэл нийтэлсэн байдаг. Түүний хариуд Да.Ганболд "Би Ө.Шижир гэдэг хүн мэдэхгүй. Таних ч үгүй" хэмээсэн юм.
Тэгвэл Ө.Шижир өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Би ч танихгүй. Мэдэхгүй. Бүр үзээч үгүй. Аан, харин сонссон юм байна. Хэнтийн нөхөн сонгуульд амны бөх болж унаж өгсөнг, түүний өмнө 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөлд хэвтэж өгсөнг нь бол сонссон" гэв.