Нийтийн тээврийн парк шинэчлэлд ногоон автобусны дуулиан бараг л түүх болж үлдэв. Гэхдээ муугаар. Түгжрэлийг бууруулах чиглэлд улсын төсвөөс 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч гүйцэтгэлийн үе шатанд алдаа гарснаар үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн хэдэн автобусаа төв талбай дээрээ гаргаж, шинжүүлээд "будаа" болсон. Асуудал нэгэнт ийм болсон хойно гүйцэтгэгч компаниас нь улс хохирлоо нэхэмжилж, төлүүлэх арга хэмжээ яаралтай авахыг олон нийт шаардаж байсан. Харин өнгөрөгч сарын 15-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас "Тэнүүн-Огоо" ХХК-иас 75 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь нийслэлийн өмчид авах тухай асуудлыг НИТХ-аар оруулж батлуулсан. Тэгвэл тухайн хураан авч буй хөрөнгө болон үнэлгээтэй холбоотой мэдээллийг сонирхъё.
-"Тэнүүн-Огоо" ХХК-иас нэхэмжилсэн 134 тэрбум төгрөгийн 46 тэрбумд нь Skywell загварын 55 автобус, цахилгаан цэнэглэх 8 ширхэг төхөөрөмжийг үнэлж авчээ-
"Тэнүүн-Огоо" ХХК-д үүсгээд байгаа эрүүгийн хэрэгт тус компаниас 134 тэрбум 561 сая 367 мянган төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Үүнээс тус компаниас хүлээн авсан Skywell загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнэглэх 8 ширхэг төхөөрөмж нь 46 тэрбум 102 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 11 тэрбум төгрөгийг данснаас нь суутган төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, автобус, цахилгаан цэнэглэх төхөөрөмж, шалгалтын явцад төвлөрүүлсэн гээд нийт 58 тэрбум 43 сая төгрөгийг барагдуулсан гэж үзсэн аж. /жич: асуудалтай болох нь тогтоодсон автобус нь Daewoo брэндийнх болно/. Харин 75 тэрбум 377 сая төгрөгт "Тэнүүн-Огоо" ХХК-ийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг үнэлж авахаар болсон талаар тус компанийн захирал А.Ганхуягт танилцуулжээ.
-Хохирол барагдуулахад дутсан 1 тэрбум төгрөгөө төлөх хүртэл 10 автобусыг барьцаанд үлдээжээ-
Дээрх үнэлж авсан хөрөнгүүд нь нийлээд тус компаниас нэхэмжилсэн дүн буюу 134 тэрбум 561 сая 367 мянган төгрөгт хүрэхэд 1 тэрбум 140 сая төгрөг дутаж буй юм. Иймд тус мөнгийг барагдуулах хүртэл Вьетнам улсад үйлдвэрлэгдсэн Daewoo BS106 маркын 10 ширхэг автобусыг барьцаанд үлдээх хүсэлтийг А.Ганхуягийн өмгөөлөгч гаргасан байдаг. Эл хүсэлтийг нь Нийтийн тээврийн газар ч хүлээн авчээ.
-"Тэнүүн-Огоо" ХХК-иас авч буй 83 ширхэг хөрөнгийн 34 нь ГЭРЧИЛГЭЭГҮЙ-
Хоёр тал хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг авч буй. Гэтэл тус 83 хөрөнгийн 34 нь хөрөнгийн гэрчилгээгүй. Тухайлбал,
-531 сая төгрөгийн үнэлгээ бүхий оффис
-300 сая төгрөгийн үнэлгээ бүхий дугуй засвар
-841 сая төгрөгийн үнэлгээ бүхий автозам
-ЯМАР, ЯМАР ХӨРӨНГҮҮДИЙГ ХУРААСАН БЭ-
"Тэнүүн-Огоо" ХХК-ийн төв бааз болон 2,3,4-р баазад байрлах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг нийслэл өмчдөө бүртгэн авчээ. Үүнд, авто угаалга, авто зогсоол, хашаа, харуулын байр, фрейзерийн машин, дүүжин кран, дугуй засвар, ШТС, граш, уурын зуух, оффис, гүний худаг, газар зэрэг 83 нэр төрлийн хөрөнгө багтжээ. Тэгвэл нийтлэг байх хөрөнгүүд дээр ямар үнэлгээ зонхилсон талаар харцгаая.
-7 Авто граш 34.5 ТЭРБУМ-
Дараах долоон авто грашийг нийт 34.5 тэрбум төгрөгөөр үнэлж авчээ. Тус грашууд нь 1600-3000 м.кв хүртэлх хэмжээтэй аж. Ингэхдээ тус бүрийнх нь хэмжээнээс шалтгаалж 3-7 тэрбумаар үнэлэгджээ.
-37 мянган м.кв газрыг 6.2 тэрбумаар үнэлжээ-
"Тэнүүн-Огоо" ХХК Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд байрлах автобаазад хамаатах газруудаа өгчээ. Тус газрын нийт хэмжээ нь 34 мянган м.кв болж байна. Харин эл газрын үнэлгээг 6.2 тэрбум гэж тогтоосон аж.
-761 сая төгрөгийн АВТОЗОГСООЛ-
"Тэнүүн-Огоо" ХХК Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд байрлах автобаазад хамаатах дөрвөн авто зогсоолыг өгчээ. Тус авто зогсоолын нийт хэмжээ нь 5410 м.кв болж байна. Харин эл авто зогсоолын үнэлгээг 761 сая төгрөгөөр тогтоожээ.
-Хоёр спорт заалыг 5.1 тэрбум төгрөгөөр, дулаан бохирын шугамыг 189 саяар үнэлжээ-
Тус компанийн мэдэлд хоёр спорт заал байдаг аж. Тодруулбал, БЗД-ийн 8-р хороонд 1239 м.кв хэмжээтэй заал байдаг бөгөөд түүнийг нь 2.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Харин хоёрдах спорт заал нь мөн тус байршилд байдаг. Энэ заалны хэмжээ нь 770.9 м.кв хэр нь 2.2 тэрбумаар үнэлэгджээ. Зарим хөрөнгө гэрчилгээгүй байгаа нь анхаарал татаж байна. Харин хоёр заалны хувьд өөр өөрийн гэрчилгээтэй аж. Мөн гэрчилгээгүй дулаан, бохирын шугамыг 189.8 сая төгрөгөөр үнэлжээ.
-34.6 сая төгрөгийн 5 худаг-
Таван ширхэг гүний худгийг бүртгүүлэхээр хэлэлцжээ. Ингэхдээ эдгээр таван худгийн нэг нь саарал ус ашигладаг худаг аж. Тэдгээрийг дэлгэрүүлж харвал:
-Гурван харуулын байрыг 32 сая, хоёр автозамыг 1.3 тэрбумаар бүртгэн авчээ-
Нийслэлийн өмчид бүртгүүлсэн 83 нэр төрлийн хөрөнгүүд дунд автозам, шатахуун түгээх станц, харуулын байр зэрэг ч багтжээ. Тухайлбал, хоёр автозам бүртгэхээр хэлэлцжээ. Тус хоёр замын нийт үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөг байгаа юм. Гэвч хоёулаа гэрчилгээгүй. Түүнчлэн 239 саяын гурван шатахуун түгээх станц байна. Гурван харуулын байрыг тус бүр 10-12 саяар үнэлсэн аж.