Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулав.
Тэрбээр:
-Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар маш чухал хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ бол Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл. Технологийн эрин зуунд Монгол Улс хаана оршихыг тодорхойлох, технологийн боол байх уу, технологийн эзэн байх уу гэдгийг шийдвэрлэх чухал ач холбогдолтой.
Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд дэлхийн бүх том компанид ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна.
Бүс нутгийн орнуудад Казахстан, Киргиз, Узбек улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан цэг зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналууд дараа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгох ёстой. Бидний үр хүүхдээ ажилтай орлоготой, хөгжилтэй улс үлдээе гэвэл одооноос л анхаарах ёстой.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан гол зарчмууд нь:
1. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.
3. Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.
4. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.
5. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
6. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.