Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Нүүрсийг орлох ирээдүй ЗЭС байх боломжтой юу...

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 56 секунд

Ногоон эдийн засгийн гол түүхий эд нь зэс болж байна. Гар утас, цахилгаан машин, техник технологийн голлох бүтээгдэхүүн болсон зэсийн үнэ энэ сард 10 мянган ам.доллар давлаа. Энэ нь 2022 оноос хойш анх удаа ийм өндөр үнэд хүрч 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Манай улсын хувьд зэсийн нөөцөөр дэлхийд долоодугаарт жагсдаг ч өнөөдөр нүүрсний экспорт эдийн засгийг чирж буй. Гэвч дэлхий дахин ногоон эдийн засаг, эрчим хүчний сэргэлт рүү шилжих болсон өнөө цагт нүүрс хэрэглээнээс шахагдсаар байна. Тэгвэл нүүрсний ирээдүй зэс байх уу гэдэгт эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ.

-----------------------------

ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ НӨЛӨӨЛНӨ

Эдийн засагч Б.ДӨЛГӨӨН "Зэсийн үнийн өсөлт экспортоор дамжиж эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Гол нь эндээс бид хэдийг хадгалж чадах, хэдийг шууд үрэх вэ гэдэг томоохон асуулт болж байна. Саяхан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаагаар энэ хуулийн гол зарчим нь өнөөдрөөс илүү маргааш Монгол хүн бүр ашигт малтмалын орлогоосоо хүртэх зохицуулалтыг тусгасан байна билээ. Иймээс баялгийн санд хуримтлал үүсвэл маш сайн гэж хувьдаа харж байна.

НЭГ: Дэлхий нийтээр 2020 оноос хойш цар тахал, ОХУ-Украины дайны хүндрэл, инфляцын шок үүссэн гурван хямралыг давлаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад гадаад орчинд тодорхойгүй байдал улам нэмэгдлээ. Тиймээс заавал нэг хүндрэл гэлтгүй хуримтлал үүсгэх, өр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг үргэжлүүлэн буулгах, нэг ашигт малтмалаас хамаарах экспортын хамаарлыг бууруулах, нэг улс руу гаргаж буй экспортоо аль болох өөрсдийн боломжоор олон улс руу чиглүүлэх, мөн экспортоо төрөлжүүлэх зэрэг бэлтгэл ажлаа зогсолтгүй л хийх шаардлагатай.

ХОЁР: Ногоон эдийн засгийн цаана хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилго оршдог. Өнөөдрийнх шиг нүүрстөрөгчид суурилсан түлш ашиглах тутам нүүрстөрөгчийн хий буюу хүлэмжийн хий ялгарна.

Зэсийн тухайд хүлэмжийн хийг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гол түүхий эд болж байна. Гэхдээ ганц зэс биш л дээ. Миний харж байгаагаар Монгол Улсад зэс нүүрсийг орлоход буюу энэ шилжилтэд нэлээн хугацаа орно.

Өнөөдрийн нийт хүчин чадлыг харвал 80 хувиас илүү нь нүүрстэй холбоотой. Иймээс эрсдэл үүсгэхгүй алгуур шилжилт хийх ёстой. Үгүй бол манайх шиг усан цахилгаан станц байхгүй газар горимын тохиргоог хийж чадахгүй нөхцөл байдалд хүрэх вий" гэв.

ЗЭСИЙН ҮНЭ ӨССӨН Ч НҮҮРСИЙГ ОРЛОЖ ЧАДАХГҮЙ

Эдийн засагч Б.ДЭЛГЭРСАЙХАН "Зэсийн үнэ эрс өслөө. Өнгөрсөн сарынхаас эрс өссөн буюу 17 хувиас илүү нэмэгдсэн. Гэвч Монгол Улсын нүүрсний экспортод үүсэх эрсдлийг хааж чадахгүй. Магадгүй 2024 онд нүүрсний экспортын эрсдэл бага байж болох ч 2025 оноос хүндэрч болзошгүй гэх таамаглал бий.

Өнөөдөр нийт экспортын 60 хувийг нүүрс эзэлж байхад зэс 20 хувь ч хүрэхгүй дүнтэй байна. Иймээс зэсийн үнэ өссөн ч энэ жилийн төсвийн орлогыг тодорхойлох гол найдвар нүүрс хэвээр байна.

Магадгүй ойрын гурван жилд зэс өндөр үнэд хүрсэн ч нүүрсийг орлож чадахгүй. Өөрөөр хэлбэл, манай улс зэсийн баяжмалын гарцыг нэмэгдүүлэхгүйгээр нүүрсний экспортыг орлож чадахгүй. Хэрэв зэсийн үнэ 20 мянган ам.доллар хүртэл өссөн тохиолдолд экспортын орлогод шууд нөлөөлж болно. Гэтэл бид зэсийн баяжмалын гарцыг 1.5 сая тонноос дээш нэмэгдүүлэхгүйгээр нүүрсний экспортыг орлуулна гэж тооцвол хэт өндөр өсөлт хүлээснээс өөрцгүй" гэв.

НҮҮРСНИЙ ИРЭЭДҮЙ ЗЭС БАЙХ БОЛОМЖТОЙ

Эдийн засагч Б.ЛАКШМИ "Дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрснээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчний чиглэлд анхаарч байна. Иймд цаашид нүүрсний эрэлт буурна гэж харж байна. Манай улсын хувьд нүүрсний үнэ өндөр байхад анх удаа 67 сая тонн нүүрс экспортолж, үүнийг дагаад орлого нэмэгдэж эдийн засаг сэргэсэн. Гэхдээ богино хугацааны амжилтыг харж энэ жил нүүрсний экспортыг маш өндөр төсөвлөсөн ч тооцож буй хэмжээнд хүрэхгүй.

Экспорт буурна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хувьд зэсийн экспорт өсөх боломжтой. Цаашид илүү өндөр байх таамаг байна. Нүүрсний дараагийн ирээдүй зэс байх боломжтой.

Яагаад гэвэл зэс бол нүүрстэй адилгүй нэмүү өртөг илүү шингээх боломжтой төрөл. Хэрэв нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал нүүрсийг орлохуйц өндөр үр ашигтай.

Зэсийг гар утас, цахилгаан машин, цахилгаан дамжуулах бүх тоног төхөөрөмжид ашиглаж байна. Иймээс түүхийгээр нь экспортлохоос илүү нэмүү өртөг шингээх нь биет хэмжээгээр бага байж болох ч өндөр үнээр экспортолж болно.

Энэ утгаараа нүүрсийг орлох боломжтой. Цаашид зэсийн экспорт илүү өндөр байх таамаг бий. Гэхдээ Монгол Улсын хувьд зэсийн экспорт өсөх боломжтой ч сонгууль болон бусад шалтгаануудаас болж удаашралтай байх болов уу" гэв.

ЗЭСИЙН ЭКСПОРТООС ОЛОХ АШГИЙГ ИРЭЭДҮЙД БИЙ БОЛОХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ХЭРЭГТЭЙ

Эдийн засагч Б.ЭНХ-АМГАЛАН "Зэсийн үнэ өсөх нь Монголд ашигтай. Экспортын хэмжээ биет хэмжээ, мөнгөн дүн аль аль талаараа нэмэгдэх боломж нэмэгдэнэ. Энэ хэмжээгээр улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын хэмжээ өснө. Өнөөдөр Оюутолгой ил болон далд гүний уурхайн олборлолтоо нэмэгдүүлж эхэлсэн бол Эрдэнэт үйлдвэр мөн адил нэмэгдүүлж байна.

Зэсийн үнийн өсөлтийг дагаад Монгол Улсад орж ирэх орлого нэмэгдэх байх. Гэхдээ олж буй орлогыг аж үйлдвэрийн парк байгуулахад хөрөнгө оруулах, зарим хэсгийг нь ирээдүйд ашиглах орлого олох үйлдвэрүүд рүү төвлөрүүлэх нь зүйтэй.

Мөн Баялгийн санд тодорхой хэмжээний хөрөөнгө байрлуулах хэрэгтэй. Ийм байдлаар ирээдүйд бий болох үйлдвэр байгуулахад анхаарах ёстой болохоос биш сонгогчдод зориулсан нийгмийн халамж хэрэггүй. Өнгөрсөн жил богино хугацааны нүүрсний эрэлтийг дагасан өндөр орлогыг дагаад энэ жил сонгууль угтаж цалин тэтгэвэр нэмж, хувьцааны ноогдол ашиг болох бэлэн мөнгө тараасан нь эргээд инфляцийн эрсдэл дагуулж байна" гэсэн юм.

ЦУВРАЛ: УИХ-ын гишүүдийн дөрвөн жилийн орлогод 167 ТЭРБУМ төгрөг эргэлдэж байна
ЦУВРАЛ: УИХ-ын гишүүдийн дөрвөн жилийн орлогод 167 ТЭРБУМ төгрөг эргэлдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.