Энэ сарын 15-нд буюу өчигдөр ЭЦА-наас "Баян" гэх Р.Базарын оффист нэгжлэг хийсэн. Улмаар түүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хориод буй. Тэгвэл энэ талаар өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун "Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг,
Хоёрдугаарт, нэр бүхий этгээдүүд бүлэглэн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд бусдаар гадаадын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, улмаар их хэмжээний бооцооны мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биед нь халдан зодож, зорчих эрхийг нь хязгаарлан заналхийлсэн зэрэг гэмт хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг", Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 обьектод нэгжлэгээр 100 гаруй боть санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан.
Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий этгээдүүд нь "алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Дээрх хэргүүдэд холбогдуулан шалгаж буй нэр бүхий дөрвөн иргэнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэлээ.