Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.
Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудаас давхардсан тоогоор 28 албан тушаалтныг хамруулахад давхардсан тоогоор 35 нь буюу 100 хувь нь эм хангамжийн салбарт хамаарал бүхий ААН-тай гэж гарчээ. Тухайлбал, ЭМДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Дамдины Дэмбэрэл нь эмийн салбар дахь "Түмэн-Очир" гэх компанитай хамаарал бүхий гэж шинжээч танилцууллаа.