Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэрэг гарсан. Уг асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Цагдаагийн нэр бүхий 4 албан хаагчийг албанаас нь чөлөөлж шалгаж байна. Орон нутаг, овог нэр, холбогдсон албан хаагчийн нэрсийг хэлэх боломжгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль бий. Уг хуулиар дээрх мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд ордог. Тухайн хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болохгүй. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллийг нь задруулж болохгүй гэдэг ХЭҮК-ын зөвлөмж бас бий. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокуророос зөвшөөрсөн хэмжээнд мэдээлж болно гэж үзсэн учраас өнөөдөр ийнхүү мэдээлэл хийлээ. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй" гэв.