УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав. Тэрбээр,
"Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжлээ. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлд бусад төрлийн мөнгөн урсгал орж ирэх боломжтой суурь хөрөнгийг ашиглах, дотоодын зах зээлд үүсмэл санхүүгийн хэрэгслийг бий болгох, бусад төрлийн хөрөнгөнд суурилах боломжийг бий болгох зорилгоор ‘‘суурь хөрөнгө“-ийг нэр томьёоны тодорхойлолтод шинээр нэмж тусгахаар бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн" гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Санхүүгийн салбарын гурван тулгуур баганын нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш чухал нөлөөтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжил банкны салбартай шууд хамааралтай байгаа. Хуулийн төсөлд олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар тусгасан. Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилтийг зөвхөн Монголын хөрөнгийн бирж татдаг. Харин биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Энэ хүрээнд маш богино хугацаанд 2.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас босгохоор бүртгэл нь хийгдсэн.
Яг өнөөдрийн байдлаар 1.9 их наядын санхүүжилт татчихсан байгаа. Мөн хадгаламжийн сертификат байна. Хадгаламжийн сертификатыг хөрөнгийн зах зээлд оруулж ирж, харьцангуй найдвартай хямд эх үүсвэр татах боломж нээгдэж буй. Энэ хэрээр банкны салбар дахь эх үүсвэрийн зардал буурч, хүүд тодорхой нөлөөлнө гэж үзэж байгаа. Ялангуяа гарааны компаниуд “крауд фандинг” хэлбэрээр олон нийтээс санхүүжилт татах эрх зүйн зохицуулалт хуулийн төсөлд туссан. Энэ хэрээр шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарах боломж бүрдэнэ.
Нэмээд хэлэхэд, биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа, арилжааны горимыг блокчэйн технологид шилжүүлсэн. Ингэснээр 24/7 хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цаашид олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт манай хөрөнгийн зах зээлд маш чухал. Энэ хүрээнд давхар бүртгэлийн үйл ажиллагааг ойлгомжтойгоор гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан тусгасан. Ингэснээр тодорхой хэмжээний эх үүсвэр монголын хөрөнгийн зах зээлд орж ирнэ гэж төсөөлж байгаа гэлээ.