УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ,
"2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярьж байх юм. Энэ бол 2016-2024 оны хэрэгжилт юм аа. Би яг амлалтын бодит биелэлтүүдийг хэлье. Зээлийн хүү нэг хувь болно гэсэн, одоо хэдэн хувь байгаа вэ. Малын арьс боловсруулах үйлдвэр барина гэсэн, тэр үйлдвэр хаачсан бэ. 2021 онд ашиглалтад орох байсан нефтийн үйлдвэрийн сураг нь улам л багасаад байна.
Ингээд 8 жилийн амлалтын чинь хугацаа дуусахад 80 хоног дутуу байна. Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар болгоно гэх амлалтуудын чинь аль нь ч биелээгүй" гэсэн юм.