Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ. Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.
Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй.
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг:
-“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь таван үе шаттай зохиогддог. Тодруулбал, сургуулийн аварга, хэсгийн аварга, дүүргийн аварга, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ахлах насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-д зохион байгуулагддаг “Супер шигшээ” тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. Тэмцээний 1, 2, 3, 4 дүгээр үе шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90550 сурагч өрсөлдөөд байна" гэлээ.
119-р сургуулийн сурагч Г.Ернар:
-"Тэмцээнд орсон сэтгэгдэл маш өндөр байна. Уг тэмцээний ач холбогдол нь тэвчээр суулгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд дөрвөн жил хагас болж байна. Спортоор хичээллэснээр өөрийн минь биед асар их өөрчлөлт орсон. Жишээ нь, биеийн хөгжлийн хувьд өндөр болохоос гадна тууштай хичээх, тэвчээртэй байхыг сурсан. Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Билгүүн, Санчир, Сэргэлэн нарыг дэмждэг" гэв.