Энэ сарын 11-нээс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нөөцийн махыг худалдан борлуулж эхэлсэн. Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн махыг худалдаалдаг бөгөөд иргэдэд хүртээмжтэй байх үүднээс хороо дүүргийн хүнсний дэлгүүрүүдээр худалдан борлуулдаг. Өөрөөр хэлбэл, иргэд үнэ өртөг хямд махыг худалдан авч, хүнсэндээ хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Гэвч жил бүр иргэдийн зүгээс нөөцийн махыг яс ихтэйн дээр үнэ өндөр байна гэж шүүмжилдэг.
Тэгвэл Ubn.mn сайт энэ удаагийн сурвалжилгаараа нөөцийн махны үнэ ханш болон худалдан борлуулж буй цэгүүд мөн худалдан авалт ямар байгаа талаар сурвалжиллаа.
Энэ жил нөөцийн махыг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд бэлтгэж буй. Мөн үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалж байгаа бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөжээ.
Бид сурвалжилгынхаа явцад БЗД-т байрлах хэд хэдэн хүнсний дэлгүүрээр орсон боловч зөвхөн нэг дэлгүүрт нь нөөцийн мах ирсэн байв. Харин бусад дэлгүүрүүд тун удахгүй нөөцийн мах ирнэ гэх мэдээллийг өгсөн юм. Харин албаныхны зүгээс нийслэлийн есөн дүүргийн 375 цэгээр нөөцийн махыг худалдалдан борлуулах талаар мэдээлсэн билээ.
БЗД, ... дугаар хороо, Түшиг хүнсний дэлгүүр...
Бид тус дэлгүүрийн худалдагчаас нөөцийн махны борлуулалтын талаар тодруулахад,
Өнгөрсөн жилүүдэд иргэд нөөцийн мах авахаар дугаарладаг байсан бол энэ жил эсрэгээрээ байна. Бас үнэтэй, яс ихтэй гэж иргэд шүүмжилж байна
“Энэ жилийн хувьд нөөцийн махны борлуулалт тааруу байна гэж миний хувьд харж байна. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн мах борлуулж эхлэх сургаар иргэд дугаарлан барин худалдан авалт хийдэг байсан бол энэ жил эхний ирсэн мах ч худалдаанд гарч дуусаагүй л байна. Түүнчлэн иргэдийн зүгээс нөөцийн махыг өнгө зүс сайтай ч яс ихтэй бас үнэтэй байна гэсэн гомдлыг их ирүүлж байна.
Өнгөрсөн жилүүдэд хоёр уут хонины маханд нэг уут ямааны мах заавал дагалддаг байсан бол энэ жил тийм зохицуулалт байхгүй ч иргэд төдийлөн худалдаж авч чадахгүй байна. Яахав ганц нэг хүн үзэж хараад таалагдвал худалдаж авна уу гэхээс биш өмнөх жилүүд шиг оочер дараалал үүснэ гэх асуудал ч алга” хэмээв.
Мөн тэрбээр, “Дэнжийн мянгаас ястай мах бөөндөж авъя гэвэл дор хаяж 8 мянган төгрөгөөр худалдаж авна. Гэтэл хөрөөдөж, жижиглэсэн, яс ихтэй нөөцийн махыг 8,900 төгрөгөөр зарж байгаа нь үнэтэй байгаа юм. Бараг л нойтон махтайгаа үнэ дүйцэхүйц байна" гэлээ.
Сануулахад энэ жил хонины махыг 8900 төгрөг, ямааны махыг 6700 төгрөг, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгэжээ.
Тэгвэл иргэд нөөцийн махны үнэ болон чанарт сэтгэл хангалуун байгаа эсэх талаар тодруулахад,
Нөөцийн махны уутанд махтай эсэх нь мэдэгдэхгүй олон яс нийлүүлчихсэн байдаг. Бас үнийн хувьд нойтон махтай дүйцэж байна
Иргэн А "Нөөцийн мах ихэвчлэн яс л ирдэг гэж хүмүүс ярьдаг. Мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд мах ихтэй хэсгийг нь авчихдаг байх. Би өөрөө авч идэж үзсэн. Үнэхээр мах гэхэд хэцүү. Харин үнийн хувьд нойтон махнаасаа арай хямд. Гэхдээ л идэхэд өөр шүү дээ" гэсэн юм.
Харин өөр нэгэн иргэн, "Миний хувьд нөөцийн махыг яс ихтэй гэж боддог. Нөөцийн мах авснаас шулаа авчихсан нь илүү шим тэжээл сайтай гэж боддог. Тийм болохоор нөөцийн мах хэрэглэдэггүй" гэв.
Мөн иргэн Н, "Монголчууд бид цалингаас цалингийн хооронд амьдардаг шүү дээ. Бас тэтгэврээ авдаг хэдэн хөгшин л бий. Тийм болохоор нөөцийн мах үнэтэй л санагддаг. Нөөцийн мах авахаас илүүтэй кг-аар нь ганц бондгор мах авчихвал илүү удаан идэх байх. Сая нөөцийн махны үнэ судаллаа. Өнгөрсөн жилийнхээ үнээс илүү үнэтэй болчихсон санагдсан" гэсэн бол,
Иргэн Э, "Нөөцийн мах яс ихтэй байдаг. Зарим уутан дотор нь олон яс нийлүүлчихсэн, мах байгаа үгүй нь мэдэгддэггүй. Бас зарим тохиолдолд граммдаа хүрэхгүй шүү дээ. Ер нь л авч хэрэглэхэд хэцүү" хэмээв.
Иргэд ийнхүү өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан бөгөөд ихэнх нь нөөцийн махыг үнэтэй бас яс ихтэй гэж шүүмжилж байв. Тиймдээ ч нөөцийн мах авч хэрэглэхээс илүүтэй кг-аар авах нь арай илүү шим тэжээлтэй гэдгийг ч хэлж байлаа. Үүнээс үзэхэд нөөцийн мах бэлтгэж буй компаниудад шаардлага тавьж, мах ихтэй чанартай хүнс худалдан борлуулахыг сануулах нь нэн тэргүүнд тулгараад буй асуудал юм. Түүнээс гадна үнийн хувьд нойтон махтай дүйцэхүйц байгаа тул үүнд ч мөн анхаарал хандуулах хэрэгтэй аж.