Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 47 секунд

Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй.

Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн аюулын индекс маш их байгаа бол Багануур дүүрэг их, Хан-Уул, Баянгол дүүрэг дунд, Баганхангай, Налайх дүүрэг бага түвшинд байна. Харин нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу маш их түвшинд байгаа юм.

Нийслэлийн 24 хорооны 33 байршилд халиа тошин үүсээд байгаагаас 25 байршлыг дүүргүүд, найман байршлыг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна.

Шар усны үерт өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбарт 1487 өрх байгаагаас 388 нэгж талбарын газрыг ашиглаж буй иргэд газрын зөвшөөрөлгүй байгаа юм.

Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор халиа тошин үүссэн байршил дахь мөсийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 6-ны хооронд зөөж тээвэрлэсэн. Энэ хүрээнд 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11,091 рейсээр 221,820 тонн мөсийг тээвэрлэсэн байна.

Мөн халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 150, Чингэлтэй дүүргийн 139, Сүхбаатар дүүргийн 40, Сонгинохайрхан дүүргийн 135 буюу нийт 464 айлд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Мөн сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд түргэн шуурхай түгээх, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалья” нөлөөллийн аяныг гуравдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна.

Үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг НИТХ-аар баталсан. Энэ хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын барилга байгууламж, ул хөрсний усны түвшинг бууруулах байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам, газар зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Мөн УБЗАА, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсэж айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад байна.

Э.Пүрэвсүрэн: Малчдын зээлийг төрөөс хамаарахгүй даатгалаас төлүүлэх боломжтой
Э.Пүрэвсүрэн: Малчдын зээлийг төрөөс хамаарахгүй даатгалаас төлүүлэх боломжтой
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.