Та хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү. Тэгвэл хувь тавилан юм болов уу гэмээр сонирхолтой тохиолоор бие биеэ олж, ханилан сууж өдгөө гурван хүүхдийн аав, ээж болж амьдарч байгаа эгэл жирийн гэр бүлийн хайрын түүхийг Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан уншигч танд хүргэх гэж байна.
"12 жилийн өмнө гэрлэх санал тавьсан ч сууж чадаагүй бүсгүйтэйгээ дахин учирч, гэр бүл болсон" хэмээн хайрын түүхээ хуваалцах өрхийн тэргүүнийг Д.Лхагвасүрэн гэдэг. Харин энэхүү хайрын түүхийн эзэн нь түүний эхнэр Ж.Онончулуун. Тэд Улаанбаатар хотод төрж, өссөн ч бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө их хотоос 1500 километрийн зайтай Ховд аймгийн Жаргалант сумыг зорьж, суурьшсан гэнэ.
Ийнхүү тэд хэрхэн учирч, гэр бүл болсон талаараа халуун яриа дэлгэсэн юм
-"Энэ залуу л миний нөхөр байсан байна даа" гэж хүлээж авсан-
Гэргий Ж.Онончулуун нөхрийнхөө талаар бидэнд ярихдаа "Бидний гэрлэсэн түүх их сонирхолтой. Хаанаас ч юм бэ нэг залуу гараад ирсэн. Гэнэт гарч ирээд л, "Сайн уу" гээд л мэнд мэдэлцэнэ. Залуу ч байж. "Би чамайг гэрт чинь хүргээд өгөх үү" гэхэд нь "Тэгье, тэгье" гээд л юм ярилцаад алхдаг байсан. Нэг өдөр "Манай ээж намайг хүн авч ирэхийг хүлээж байгаа шүү дээ" гэж хэлсэн. Тойруу утгаар л надад хэлсэн юм билээ. Тэр үед хүнтэй гэрлэх бодолгүй ч байсан юм уу. Нэг тийм дэврүүн, дураараа байсан болохоор тухайн үед саналыг нь хүлээж аваагүй. Бараг л "ичээд зугтчихсан".
12 жил өнгөрлөө. Тухайн үедээ гэрлэх цаг мөн гэж бодоод шийдвэр гаргаад найздаа хэлтэл нэг хүнтэй танилцуулахаар болсон. Найз маань цагаан сарын үеэр хүрээд ирээрэй л гэлээ. Тэгээд яваад очтол манай нөхөр сууж байсан. Нөгөө 12 жилийн өмнө таньдаг залуу маань сууж байсан. Өөрийн эрхгүй дулаахан, залуу насны гэгээхэн халуун дотно мэдрэмж төрж "Энэ залуу л миний нөхөр байсан байна даа" гэж хүлээж авсан. Тэгээд л ярилцаад гэрлэсэн дээ бид хоёр. Одоо 9 дэх жилдээ ханилан амьдарч байна" хэмээн ярьсан юм.
-20 гаруй насандаа гэрлэх санал тавихад "зугтаад" гүйсэн охин маань сууж байсан-
Үргэлжлүүлэн нөхөр Д.Лхагвасүрэнгээр бид хайрынх нь түүхийг яриулав. Тэрбээр "20 гаруй насандаа эхнэртээ гэрлэх санал тавихад зугтаад явчихсан гэж би ойлгосон. Түүнээс хойш 12 жилийн дараа найз маань Дарханд хүрээд ирээ, нэг хүнтэй уулзуулмаар байна гэж хэлсэн. Тэр үед би дотроо нас ч явж байна, тэр хүнтэй нь л сууя даа гэж бодсон. Яваад очтол 12 жилийн өмнө гэрлэх санал тавихад "зугтаад гүйсэн" охин маань сууж байсан. Би ч асуусан л даа. Тэр үед юу болсон талаар. Тэгэхэд "Би чамаас татгалзсандаа биш ичиж сандраад гүйгээд явчихсан юм аа" гэсэн. Тэгэхэд нь одоо суух уу гэхэд сууя гээд л ярилцсан. Бид гэрлээд гурван сайхан хүүхдийн аав, ээж болчхоод сууж байна даа" гэсэн юм.