Сүүлийн гурван жилд АТГ албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгээс нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх, эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлоход хяналт шалгалтыг чиглүүлэн гүнзгийрүүлж байна. Нэг ёсондоо бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг уудлан гаргахаар ажиллаж байгаа.
Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан “Х” нь сүүлийн 5 жилд өөрийнх нь мэдүүлсэн орлогын дүн 10 дахин өссөн бөгөөд орлогын өсөлтийн эх үүсвэрийг “хувиараа оёдлын үйл ажиллагаа эрхэлсэн, бусдад хүүтэй мөнгө зээлүүлсэн, орон сууц түрээслүүлсэн, ховор үнэт эдлэл худалдсан” гэх зэргээр тайлбарласан боловч энэ нь бичгийн баримтаар нотлогдоогүй.
Бас шинээр худалдан авсан орон сууцны эх үүсвэрийг “тоног төхөөрөмж худалдсан, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдсан орлогоо 15 жил бэлнээр хадгалж байсан” гэх зэргээр тайлбарласан нь мөн баримтаар нотлогдоогүй. Өндөр үнэлгээтэй орон сууц худалдан авсан эх үүсвэрээ “бусдаас зээлсэн мөнгөөр авсан” гэж тайлбарласан боловч бас л баримтаар нотлогдоогүй.
Мал аж ахуйн үнэлгээг хөөсрүүлж буюу үнийн дүнг хэт өсгөж мэдүүлсэн. Хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр 177 ам метр, 155 ам метр хэмжээтэй 2 амины орон сууц, орон сууц 1, өмчлөлийн газар 7, уг газар дээрх өндөр өртөг бүхий байгууламж тус тус өмчилсөн ба санхүүгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоор бий болсон нь нотлогдохгүй байв.
Их хэмжээний зээлийг төлж барагдуулсан боловч энэ нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор төлөгдөх үндэслэлгүй, мөн хэрэглээний зардал, өндөр дүнтэй худалдан авалтын эх үүсвэр нь хууль ёсны цалин, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос давсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаалтан “Х”-г үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.