Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр (2024.01.22) 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж байна
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллийн эхэнд, Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 18 удаа хуралдаж, 29 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, эцэслэн батлуулж, Байнгын хорооноос 11 тогтоол баталсан гэв.
Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн таван тайланг хэлэлцсэний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолын дагуу Ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас анх удаа иргэдийн санал, өргөдлийг цахимаар авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болон орлогын албан татвартай холбоотой нийтдээ 100.000 гаруй санал иргэдээс ирсэн тул Төсвийн байнгын хорооноос энэ талаар болон татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Ажлын хэсэг байгуулан татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.
Тэрбээр, мэргэжлийн хүрээнд тодорхой тооцоо, судалгаа, загварчлалыг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй татварын ачааллыг судалсан. Ингээд цаашдаа татварын шинэчлэлийг гурван үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө УИХ-аас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь татварын хуулиасаа давсан байдаг, улмаар төрийн байгууллагуудаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй санхүүгийн ачаалал үүсгэж, тэр хэмжээгээрээ татварын зардлыг нэмэгдүүлж буй тул үүнийг цэгцлэх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хүрээнд Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганы сүүлийн өдөр хэлэлцүүлэн батлуулсан. Тогтоолд Засгийн газрын харьяа байгууллагууд дээр мөрдөгдөж буй 2700 гаруй дүрэм, журмыг нэг мөр цэгцлэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлчилгээний гэх нэрийн дор авч буй төлбөр, хураамж, хөлс зэргийг хуульд нийцүүлэх, шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгох, цуцлах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахаар тусгасан. Энэ нь Төсвийн байнгын хорооноос татварын шинэчлэлийн хүрээнд хийж буй эхний алхам нь гэдгийг тодотгож байлаа.