Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.
2023 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.