Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр буюу 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, комедиан Д.Амартүвшингээс ирүүлсэн “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдөл, холбогдох баримтыг мөн хуралдаанаас буцаахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ Улс төрийн намын тухай хуульд заасан тодорхой шаардлагыг хангаагүй гэж үзсэн аж.
Тодруулбал, өргөдөлд хавсарган ирүүлсэн 801 гишүүний мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сантай тохирч байгаа эсэхийг шалгуулахад ургийн овог, овог, нэр зөрсөн болон буруу бичигдсэн 32, регистрийн дугаар буруу болон зөрсөн 50 байхаас гадна 163 иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, дутуу байна. Мөн улс төрийн намын давхар харьяалалгүй байх талаарх нотломжийг шалгахад 18 иргэний өөр өөр гарын үсэг бүхий нотломжийг давхардуулан ирүүлсэн, зарим нэрс нь 801 гишүүний бүртгэлтэй тохирохгүй зэрэг нөхцөл байдал илэрлээ. Иймд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн аж.