Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Уянга: АН-аас болж, авлигатай тэмцэж чадахгүй байгаа бол зүгээр л ШОУ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
6 минут 24 секунд

АН-ын гишүүн Ц.Уянгатай улстөрийн хүрээнд үүсээд буй цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаярыг томилсон. Таны хувьд энэ томилгоон дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Э.Одбаярыг би танихгүй, уулзаж үзээгүй. Залилан, луйврын шинж чанартай хэрэгт холбогдсон гэдэг. Тэгээд АН 2 хуваагдахад С.Эрдэнэ дарга дээр ажиллаж байхдаа шалгагдаж байсан эсвэл луйврын хэргээсээ болоод “Женко”-ийн тал руу давхиж ороод, ёс бус үйлдэлтэй л хүн байна гэж ойлгосон.

Харамсалтай нь бид Төрийн ордонд НОГООН АВТОБУС-ны ажлын хэсгээр ажиллаж байтал Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо гэх мэдээллийг сонсоод нэлээн цочирдлоо л доо. Ерөнхийдөө, АН улс төрийн болон дотоод зөрчлийн гээд янз янзын зам туулаад, одоо нэг ойлголцолд хүрч байна гэж бодтол гишүүдийнхээ итгэлийг хөсөрдүүлж, дургүйцлийг төрүүлсэн. Төрд болж байгаа хууль бус зүйлийг МАН хийж байгаа бол бид өөрсдөө тийм үйлдлүүдийг гаргахгүй л байх ёстой.

Мөн ёс зүйн хувьд намын дотоод томилгоогоо хяналттай, ил тод байлгах шинэчлэлийг хамгийн түрүүнд хийх ёстой байсан бол ярьж байснаасаа буцаад, улам л бурангуй аргаа хэрэглээд байгаа. Нөгөө л итгэл төрүүлдэггүй хэл аманд өртөж, хулгай залилангийн асуудалд оролцож байсан улсууд нь бүтцийн гол албан тушаалуудыг авч, АН-ыг төлөөлж ард иргэд дээр очно гэдэг бол их харамсалтай зүйл. Ялангуяа сонгуулийн өмнөх энэ хугацаанд түр орлон гүйцэтгэгчийг ямар зорилгоор тавьж байгааг нь би мэдэхгүй.

Намын ЕНБД гэдэг хамгийн чухал үүргийг гүйцэтгэнэ. Эндээс улстөрийн одоо болж буй үйл явцыг дүгнэх, ямар хэлбэрээр нийгэмд хандах, өөрсдийн бодлого, хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа танилцуулах гээд гал тогооны л ажил хийнэ шүү дээ.

-Сүүлд авсан мэдээллээр намынхаа дотоод хулгайг илчилж, шаардлага тавьсан зарим гишүүнийг АН-аас хөөсөн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?

-Хөөх шаардлага, эрх зүйн үр дагавар үүссэн гэдгээ тодруулбал тэрийг нь хараад бодол санаа өөрчлөгдөж магадгүй. Би сошиалаар л харж байгаа хэрэглэгчдийн л нэг шүү дээ. Тийм учраас би “Манай намынх юм чинь яршиг” гэхээс илүүтэйгээр бодит байдлыг харж байгаад дүгнэлтээ хэлж байгаа.

-Таны хувьд бас бодит тэр бас тодорхой хэмжээний шүүмжлэл хэлдэг гишүүний хувьд тан дээр хэрвээ жишээ нь ингээд намаас хөөх ч юм уу иймэрхүү явдал тулгарвал та яг яаж хүлээж авах бол?

-Үгүй ээ, тэгээд хүн юм чинь би хариу реакц гаргах байх л даа. Тэр реакц хэр ухаалаг байх вэ гэдэг нь “эмоци”-оо хэр хянахаас шалтгаалах байх. Тэгээд би хүн юм чинь жаахан темперамент өндөртэй, “эмоци”-оо хянаж байхад бодол санаагаа хэлдэггүй тийм дутагдалтай тал бий. Хэрвээ хөөхөөр тулбал би биш, манай нам өөрөө л нэр хүнд нь унах байх.

Нөгөө талаас харахад манай намд “20, 30 жил зүтгэчихлээ, бид бүх амьдралаа зориулсан” гэдэг сүлжээний тогтолцоо бий болчихсон. Би бол ороод удаагүй. Хоёрдугаарт, би намаар дамжиж амьжиргаагаа залгуулах шаардлагагүйгээр амьдралаа аваад явчихсан. Тэгэхээр би “намгүй боллоо” гэхэд гурван сарын өмнөх Ц.Уянга хэвээрээ л байна шүү дээ.

-АН ер нь сүүлийн үед яг авлигатай бодитоор тэмцэж чадаж байна уу, Авлигын эсрэг шүүхтэй болох асуудал хөндөгдсөн. Гэтэл өнгөрсөн баасан гарагт АН-ынхан ХЗБХ-ны хурлаа “БОЙКОТ”-лоод, хурал хойшилчихлоо гэдэг мэдээлэл гарсан шүү дээ?

-Бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бойкотолсон зүйл байхгүй ээ. Гол нь 1937 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулам энэ явдал болох гээд байна” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Би АН-ын бүлэгтэй санал нэгдэж байгаа. Авлигын эсрэг шүүх гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Нэг хүний үзэмжээр ганцхан шүүх дээр аваачаад, 5-6 шүүхийг хяналтдаа авсан хэдэн хүний захиалгын хэрэг хаадаг нөхцөл байдал үүснэ гээд 1937 онтой зүйрлэсэн юм байна лээ л дээ.

Ийм авлигын дагнасан шүүх хаана байдаг вэ гэхээр диктатор тогтсон, нэг хүний авторитар дэглэмтэй эсвэл шашин төр хосолмол удирдлагатай Исламын улсуудад байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн болохоо байчихсан ганц нэг газарт байдаг. Авлигын хэргийг албан тушаалтнуудаас ангид байлгахын тулд АТГ гээд тусдаа байгууллагаа бий шүү дээ.

Хэрвээ АН-аас болж, авлигатай тэмцэж чадахгүй байгаа бол зүгээр л ШОУ. Яагаад гэвэл “АН-ын 11 гишүүнээс хамаарах уу” гэдэг асуулт гарч ирнэ. Үнэхээр баталмаар байсан бол тэр 65 гишүүн чинь зүгээр алгаа “пижигнэтэл” ташаад, алхаа цохиод л баталчихдаг. ҮХНӨ-ийг хэлэлцэхэд, “Манайхныг оролцуул” гэж мянга дэвхцээд, гудамжинд гарч өлсөөд ямар ч нэмэр болоогүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа

Ш.Одонбаатар: Ирэх сарын 20-ноос хойш Хүннү Эйр компани Улаанбаатар Дубай хооронд шууд нислэг үйлдэнэ
Ш.Одонбаатар: Ирэх сарын 20-ноос хойш Хүннү Эйр компани Улаанбаатар Дубай хооронд шууд нислэг үйлдэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.