УЦУОШГ-аас малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээг ирүүллээ. Тодруулбал,
"Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи, шуургатай сэрүүн байна.
Мөн энэ сарын 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 17-нд говь, талын нутгаар 14-16 м/с, 18-20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна" гэлээ.