Энэ сарын 12-нд Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр энэ талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Францын Ерөнхийлөгч Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсгийг байгуулж, хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлэлцээр эхэлсэн. Тухайн үед ажлын хэсгийг Х.Нямбаатар ахалж байсан. Бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт оршино. Энэ чиглэлд ч төвлөрч ярилцсан.
Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалт нь өнөөдрийн хэрэгжиж байгаа Оюутолгойн төсөл. Оюутолгойн төслийг дагасан янз бүрийн шүүмжлэл байдаг. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг татахдаа хөрөнгө оруулах үүрэг хүлээхгүйгээр АМНАТ хэлбэрээр ашигаа шууд хүртдэг, олон улсад амжилттай хэрэгжиж байгаа загвар илүү чухал гэдгийг сайн ярилцсан.
Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ.
Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.
Франц Улс ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс 4.5 тэрбум долларын цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нөхцөл бүрдлээ гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа юм.
Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна.
“Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ.
Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 2 дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2 дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ" хэмээсэн юм.