Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаагийн давтамжтай хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчинг солих зэрэг хэд хэдэн шат дараатай ажлуудыг хийсэн юм. Гэвч шинжилгээний хариу гараагүйн улмаас тодорхой арга хэмжээ авах, үйл явцыг тодорхойлоход хүндрэл үүсэж буй тул хариуг яаралтай гаргаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин "Хүүхдүүд хордсон гэх дуудлагын дагуу Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөгөөр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан, эцэг эхчүүдтэй уулзсан. Манай газрын зүгээс сургалтын орчин, нөхцөл, түрээсийн байртай холбоотой байж болзошгүй гэж үзсэн учраас түрээсийн байранд хичээллэхийг зогсоогоод байгаа.
Тодруулбал, Монголын бизнесийн дээд сургуульд 18 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэж байсан. Сурагчдын хичээлийг тасалдуулахгүйн тулд үндсэн сургуулийн танхим болон цахим сургалтыг хослуулан үйл ажиллагааг явуулж байгаа. Мөн тус сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Нийслэлийн Боловсролын газраас өргөтгөлийн барилгыг түргэн, шуурхай бариулахад анхаарч ажиллаж байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээнд үндэслэн хичээл сургалтыг хэрхэх вэ гэдгийг шийднэ" гэлээ.