Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Даваажаргал: Энгийн зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн хордлогын дуудлага ирдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 47 секунд

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас тогтмол зохион байгуулж буй. Угаарын хийн эрсдэлтэй холбоотойгоор тус газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргалтай ярилцлаа.

-Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Агаар, орчны бохидолтой тэмцэх газраас ямар ажлууд хийж байна вэ?

-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй. Жил бүрийн 3-4, 9-10 дугаар сарыг угаарын хийн эрсдэл бүхий сарууд гэж үздэг. Иймээс иргэд, олон нийтэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хий болон хийн хордлого юунаас үүсэж, ямар нөхцөл байдал үүсгэдэг талаарх мэдээ мэдээллийг өгөхөөр ажиллаж байна.

Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Бидний оролцоо цэвэр орчин” аяныг зохион байгуулж байгаа. Уг аяны хүрээнд нийт долоон дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх тухай өдөрлөгүүдийг зохион байгуулж, хэвлэмэл хуудаснуудыг иргэд, олон нийтэд түгээн ажиллаж байна.

-Угаарын хий үүсэх гол шалтгаан нь юу вэ?

-Өнгөрсөн жилүүдийн угаарын хийн дуудлагаас харахад энгийн буюу уламжлалт зуухтай айлуудаас ихэвчлэн угаарын хийн дуудлага ирсэн байдаг. Гэхдээ дан ганц энгийн зуух гэхээс илүү угаарын хийн эрсдэл нь олон шалтгаантай. Тухайлбал, зуух нь галлагаанд бэлэн эсэх, зуухны битүүмжлэл, яндангийн бүрэн бүтэн байдал, галлагаа хийж буй хүний ур чадвар гэх мэт олон нөхцөл шалтгаанаас угаар үүсэж байна.

-Энгийн зуух хэрэглэдэг хэчнээн айл нийслэлийн хэмжээнд байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороололд 186 мянга орчим өрх бий. Эдгээр өрхийн дийлэнх хувь нь энгийн зуухтай. Иймд бүх айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран хүргүүлж байгаа.

-Галлагааны улирал эхэлснээс хойш угаарын хийн дуудлага хэр их ирж байна вэ?

-Угаарын хийн дуудлага мэдээллийн тоог нэгтгэж байгаа. Дуудлага өгсөн айл бүрд заавар, зөвлөгөө өгч байна. Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч 200 мянган төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй өгч байсан. Яг одоогийн байдлаар 50 мянга гаруй орчим өрх угаарын хийн мэдрэгч төхөөрөмжгүй байна гэсэн судалгаа гарсан. Эдгээр 50 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай. Угаарын хийг хүн өөрөө үнэрлэж, амталж мэдэхгүй. Зөвхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн тусламжтай мэдэх боломжтой.

-Зөв галлагаа хэрхэн хийх вэ?

-Галлагааны аргачлал бол зуухнаасаа хамаараад харилцан адилгүй. Сайжруулсан зуухны хувьд эхлээд түлшээ хийгээд, дараа нь модоо хийдэг бол энгийн зууханд эхлээд модоо түлж, дээр нь түлшээ хийдэг. Яагаад ес, аравдугаар сард угаарын хийн эрсдэл өндөр байдаг вэ гэхээр нэгдүгээрт, зуны турш галлагаагаа хийгээгүй зууханд гал түлснээр угаарын хийн эрсдэл үүснэ. Хоёрдугаарт, хавар, намрын улиралд гадна, дотно агаарын температурын зөрүү багассантай холбоотойгоор зуухны таталт багасаж, шаталтын процессыг удаашруулдаг. Энэ удаашрах процесс явагдсанаар угаарын хий гардаг. Ялангуяа намрын улиралд галлагаа хийх гэж байгаа бол маш сайн шаталттай галлагаа хийснийхээ дараа түлшээ хэрэглэх нь зүйтэй. Мөн намрын улиралд галлах давтамж өдөрт дунджаар 1-2 байдаг нь эрсдэлт нөхцөлийг үүсгэдэг.

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал ямар байна вэ. Мөн сайжруулсан түлшинд тогтмол шинжилгээ хийж байгаа юу?

-Энэ жилийн хувьд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт 100 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх үүрэг даалгавар өгсөн. Одоогийн байдлаар 120 мянган тонн сайжруулсан түлшийг нөөцлөөд буй. Мөн сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж байна. Харин түлшний чанартай холбоотойгоор хоёр долоо хоногт нэг удаа баруун, зүүн үйлдвэр, төвийн үйлдвэр болон агуулахуудаас дээж аван, холбогдох мэргэжлийн лабораториудад шинжилгээ хийж байгаа.

-Улаанбаатар хотод агаарын чанар хэмжих станц хэд байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд 19 станц 24 цагийн турш агаарын чанарын үзүүлэлтүүдийг тасралтгүй хэмжиж байгаа.

-Өчигдөр Улаанбаатар хотод үл мэдэгдэх үнэр ялгарсан. Энэ асуудалтай холбогдуулан тус станцуудад мэдэгдэл ирсэн болов уу?

-Тус мэдээллийн дагуу бүх байршил дахь суурин станцын дүнг шалгасан. Тухайн станцууд азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, угаарын хий, Озон, РМ2.5, РМ10 зэрэг зургаан үзүүлэлтээр хэмжилт хийдэг. Өнгөрсөн 24 цагийн байдлаар бүх байршлыг шалгаж үзэхэд, дээрх үзүүлэлтүүд нэмэгдээгүй байсан. Агаарын чанар хэмжих станцууд 30 минут тутамд www.agaar.mn сайтад мэдээллээ шинэчилж оруулдаг.

-Өнөөдрийн тухайд Улаанбаатар хотын агаарын чанар ямар байна вэ?

-Агаарын чанарын үзүүлэлтүүдийг Улаанбаатар даяар нэгтгэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Байршлаасаа хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, зарим станцууд гэр хорооллын бүсэд, зарим нь авто зам дагуу, эсвэл орон сууц, үйлдвэрийн бүсэд бий. Азотын давхар исэл автомашинаас ихээр ялгардаг. Тиймээс Баруун 4 зам орчимд азотын давхар исэл нь өндөр гардаг. Харин Баянхошуу орчим буюу гэр хорооллын бүсэд тоосонцрын агууламж өндөр байх зэргээр харилцан адилгүй байна.

Маргааш нийслэлд 8 хэмийн дулаан байна
Маргааш нийслэлд 8 хэмийн дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.