Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Т.Бадамжав: Аав, ээж хоёртоо “алдсан ч би алдъя, оносон ч би онъё“ гэж хэлээд жүжигчнийхээ мэргэжлийг сонгож байлаа

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
16 минут 38 секунд

“Эмоци” продакшны хамгийн отгон гишүүн болох МУСТА Т.Бадамжавтай “Эмоци” продакшнд анх орсон түүх болон түүний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн талаар ярилцлаа. Үзэгч та бүхэн түүнийг Жерри хэмээх нэрээр нь андахгүй таних биз ээ.

Т.Бадамжав гэдэг хүн бол энгийн л хүн

-Таныг хүн бүр Жерри гэж хэн бэ гэдгээр нь тодорхойлох байх. Гэхдээ та өөрийгөө тэр дундаа Т.Бадамжав гэж хэн юм бэ, ямар хүн бэ гэдгээ тодорхойлбол юу гэж тодорхойлох вэ?

-Т.Бадамжав гэдэг хүн бол маш энгийн хүн. Бүх зүйлд, бүх асуудалд энгийнээр, уужуу тайвнаар ханддаг. Хэт серозны ханддаггүй. Хоёрдугаарт, би хүүхдийн ээж, хүний үр. Байгаа орчиндоо тохируулаад эсхүл хамт байгаа хүмүүстэйгээ яаж л сайхан харьцах боломжтой яг тэр хэрээр хандахыг хичээдэг. Мөн тухайн хүний хамгийн гоё чанар нь ямар чанар байна, тэр болгоныг мэдэхийг хүсдэг. Бас тэр хүнээс суралцах боломжтой юу л байна тэр болгоныг нь сурахыг хичээдэг. Нэг үгээр хэлэхэд би ЭНГИЙН л хүн.

Хүмүүс намайг маш галзуу, нүүрэмгий хүн гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ би огт тийм хүн биш би маш ичимхий хүн. Эргэн тойрны маань хүмүүс ч хэлнэ.

-Хүмүүс би аавын хүүхэд, би ээжийн хүүхэд гээд л ярьдаг шүү дээ. Тэгвэл таны энэ унаган зан чинь хэнээс нь өвлөгдсөн юм бэ. Та яг хэнийх нь хүүхэд вэ?

-Миний унаган зан бол аав, ээж хоёроосоо 50, 50 хувилаж авсан зан. Яахын аргагүй аав, ээж хоёрынхоо хоёулангийнх нь хүүхэд. Манай аав маш шударга, энийг л хийнэ гэсэн бол түүнийгээ цаг нарт нь тааруулаад хийчихдэг, маш хурдтай хүн байдаг. Надад яг энэ зан өвлөгдөөд ирсэн. Харин ээж маань маш их нийтэч бас их дайчин хүн. Хүнийг өрөвдөж хайрладаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй. Яг тэр зан чанар нь надад бас байж л байдаг.

Би яг айлын дундах хүүхэд болохоор аав, ээж хоёрын маань хоёулангийнх нь зан чанар надаас харагдаад байдаг юм.

Харин манай ах яг ээж шиг зан араншинтай. Харин охин дүүд маань аавын маань зан характер илүү давамгайлчихсан юм шиг санагддаг.

Эцэг, эх болно гэдэг бол маш том хариуцлага

-Түрүүн та өөрийгөө тодорхойлохдоо би "хүүхдийн ээж" гээд хэлсэн шүү дээ. Магадгүй таны амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг бол ээж болсон тэр өдөр нь байх тийм үү?

-Яг ийм юм ярихаар уйлчих гээд байдаг юм. Ээж болох үнэхээр сайхан. Хорвоогийн хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг бол тэр шүү дээ. Түүнээс гадна ээж, аав болох хүүхдийн эцэг, эх болно гэдгийг маш том хариуцлага гэж би хардаг юм. Хорвоо дэлхий дээр бүхэл бүтэн нэг хүнийг тээж, төрүүлсэн учир түүнийгээ хайрлаж, энхрийлж, эрүүл саруул өсгөж, хайр, энхрийллээр услаж, аз жаргалтай байлгах ёстой гэж боддог.

Би хүүгээ төрүүлэхдээ кесар хагалгаагаар төрсөн юм л даа. Гэтэл утсанд хамгийн анх нэг мессеж ирэхээр нь хартал ээжээс маань ирсэн байсан. "Миний охин мундаг шүү, хүчтэй байгаарай" гэсэн байсан л даа. Тэгээд түүнийг нь харсан чинь өөрийн эрхгүй уйлаад, нулимс урсаад байсан. Гэтэл эмч загнаад уйлж болохгүй шүү, оёдол тавьж байхад болохгүй гээд л зандарсан. Тэгэхэд маш хэцүү байсан. Ер нь бол хүүхдээ төрүүлж байхдаа биш төрснийх нь дараа өсгөж байхдаа л аав, ээжийнхээ жаргал зовлонг хүн мэдэрдэг юм билээ. Биднийг ямар их хайраар өсгөдөг юм бэ, нэг өдрийн нойр юу юм бэ, ямар их цаг хугацааг зарцуулж, биднийг өсгөө вэ гэж бодогдож байсан. Тийм болоод ч тэр үү хүмүүс аав, ээжийгээ улам илүү хайрлаж, хайрых нь ачийг хариулахын төлөө хичээдэг юм шиг санагдсан.

-"Баян боол" МУСК-ны дуун дээр "Намайг өөрчилсөн гэрэл гэгээ" гээд нэг мөр байдаг. Магадгүй таны хувьд таныг өөрчилсөн гэрэл гэгээ юу вэ?

-Намайг өөрчилсөн хүн бол манай нөхөр гэж би боддог. Бид хоёр хамт амьдраад тав, зургаан жил болж байна. Өмнө нь би хайрыг яг юу юм бол гэж боддог байсан. Өдөр шөнөгүй бэлэг өгөөд, хайртай гэж хэлэх нь хайр юм уу ч гэж гайхдаг байсан. Харин одоо бол би хайранд маш их бөмбөрч байгаа. Учир нь би нөхрийнхөө халамжинд өлгийдүүлээд л амьдарч байна. Хайр гэдэг бол халамж юм байна лээ. Бас нөхөр маань ингэж хэлдэг юм,

"Ээж аз жаргалтай байвал хүүхэд аз жаргалтай байна. Хүүхэд аз жаргалтай байвал гэр бүл аз жаргалтай байдаг" гээд л хэлдэг. Энэ бол маш үнэн.

Миний хань намайг маш их хайрладаг болохоор бас халамжилдаг учраас бич бас буцаагаад тэр хүнд яг л тэр хэмжээгээр хайрыг мэдрүүлэхийг хүсдэг. Яг ингэж боддог болохоор л хайр ундраад байдаг байх. Тэр хүн намайг хайраар өөрчилсөөр байсан учраас "Намайг өөрчилсөн гэрэл гэгээ" гэдэг үг энд биелэлээ олж байгаа юм.

-Та хоёрын хайрын түүхийг урьд нь сонсож байгаагүй юм байна. Дургүйцэхгүй бол ярьж өгч болох уу?

-Бид хоёрын хайрын түүх маш гоё. Нэг удаа манай продакшн Монгол орноо тойрохоор уртын бригадаар явсан юм. Гэтэл тухайн үед зарим ивээн тэтгэгч байгууллагууд бидэнтэй хамт явдаг байсан юм л даа. Тухайн үед би хамтлагийнхаа хамгийн жаахан нь бас ганцаархнаа ганц бие нь байсан юм. Тийм болоод ч тэр үү манай хамтлагийнхан намайг яг л айлын бага хүүхэд шиг хайрлаж, хамгаалдаг байсан. Ялангуяа манай Төтө ах хэр баргийн эрэгтэй хүнийг найд руу ойртуулахгүй. Энэ ёстой бүтэхгүй залуу, энэ муу залуу гээд л.

Гэтэл манай бригадтай хамт манай нөхөр Хосоо явж таараад бид хэд эхэндээ найзуудын л харилцаатай байсан юм. Их л хүнд тусархуу, манай хамтлагийн хүн биш байж тайз засаад л, хүн хүнд очиж туслаад л гүйгээд байдаг байсан юм. Тухайн үед ч би энэ ямар мундаг залуу вэ, хүн хүнд туслаад л, одоо үед ийм залуу ховор доо гээд л бодоод өнгөрсөн юм.

Тэгээд нэг өдөр бид нар Сэлэнгэ дээр очоод, би "Ээж мод"-ноос "Ээж мод минь ээ надад маш гоё найз залуу илгээгээч” гээд л дотроо шивнээд залбирсан юм. Гэтэл манай нөхөр ард ирчихсэн "Өө чи намайг Ээж модноос гуйгаад байхдаа яадаг юм. Өөр юм гуйхгүй. Би чиний хажууд байж байна шүү дээ” гээд л хүрээд ирсэн. Тэгээд би дотроо би тийм чанга хэлчихсэн юм байхдаа гэж бодоод маш их ичээд чих улайгаад, хацар улайгаад "Чи юу яриад байгаа юм. Чи буруу сонсчихсон юм бишүү” гээд л автобус руугаа гүйж ороод хамгийн арын суудал дээр чихэвчээ зүүгээд сууж байсан чинь Хосоо над дээр гүйж ирээд "Найз нь тоглосон юм аа” гээд л хэлж байсан юм. Тэрнээс хойш бид хоёр мессежлээд, хотод ирээд хамт кино үзээд л 11 сарын 11-нд албан ёсоор үерхэж байлаа.

-Та хэзээ "Эмоци" продакшнд орсон юм бэ. Саяхныг хүртэл "Эмоци" продакшн хошин урлагийнхаа отгон продакшн байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр хэдийн 10 жилийн нүүрийг үзсэн байна?

-Хоёр билүү гуравдугаар курст манай ангийн 23 оюутан анх Эмоци продакшнд бүжигчнээр орж байсан юм. Анх манай продакшн огт гэрэл унтраахгүйгээр бүжиглэж тайзаа сольдог онцлогтой байсан шүү дээ. Тэгээд бид нар бараг 5 номер дээр 10 удаа тайз солих гэж гарч ирнэ. Бараг жүжигчнээсээ олон удаа гарч ирдэг байсан юм. Ингээд л манай ангийнхан продакшндаа ажиллаж байгаад нэг мэдэхэд л зарим нь өөр продакшн руу явж, зарим нь драмын театр руу яваад л бүр нөгөө хэсэг нь кинонд тоглохоор яваад хамгийн сүүлд Немо бид хоёр Эмоцидоо жинхлэгдээд үлдэж байсан юм. Бид хоёр ч мөн адил продакшндаа 10 жил ажиллаж байна. Яг үүсгэн байгуулагчидтайгаа хамт эхэлсэн болохоор 10 жил болж байгаа юм.

"Нэгэн зуны цэцэг" жүжгийг тавих хүртэл Немо бид хоёр хамтлагийнхаа хамгийн жаахан нь байсан

-Дөнгөж саяхан л та хамгийн бага нь байсан чинь нэг мэдэхэд олон дүү нартай болчихсон байна?

-Бараг энэ драмын жүжгийг тавих хүртэл Немо бид хоёр хамгийн бага нь байсан. Энэ жил драмын жүжиг тавьж байгаа болохоор бидэнд илүү их хүч хэрэгтэй болсон. Тиймээс энэ жил маш олон залуус маань шинээр орж ирж байна. Түүнээс гадна манай продакшнд орох сонирхолтой хүмүүст үүд хаалга маань нээлттэй шүү.

-Эмоци продакшныг 10 жилийнхээ ойгоор үзэгчдэдээ зориулж хошин урлагийн жүжгээр бэлэг барих болов уу гэтэл эмгэнэлт драмын жүжгээр бэлэг барилаа. Таны хувьд анх драмын жүжиг тоглоно гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид 10 жилийнхээ ойд зориулан ямар ямар уран бүтээл гаргах вэ гэдгээ төлөвлөөд, яг нэг жилийн планаа гарсан байсан юм. Гэтэл тэр дунд драмын жүжиг хийнэ гэсэн төлөвлөгөө байсан л даа. Түүнийг хараад би гэлтгүй манайхан бүгд л уулга алдсан. Хөөх драмын жүжиг тавих юм уу. Ямар жүжиг тоглох юм бол, хуучин жүжгүүдийг сэргээж тавих юм болов уу гээд л таамаглаж байсан. Гэтэл ажил эхлээд жүжгийнхээ зохиолоо танилцуулахад, олон бэст селлерийн эзэн Тодко Самсоны "Нэгэн зуны цэцэг" гэдэг жүжгийг тавина. Найруулагчаар УГЗ Ч.Найдандорж багш ажиллах тухай хэлсэн. Ингээд бид хамгийн анх зохиолынхоо уншлагыг хийхэд бүр алмайрсан, бүгд шоконд орсон. Гэхдээ тэр нь айдас биш жүжигчин хүний шуналын байдалтай хүлээж авсан гэсэн үг л дээ. Ингээд уншлага дуусахад бүгд алгаа ташаад л хурдхан шинэ жүжгээ тавих юмсан гэсэн бодолтой байсан. Түүнээс гадна тухайн үед хараахан дүр хуваарилаагүй байсан болохоор бүгд л дор бүрнээ дүрүүдээ төсөөлж байсан байх. Би аль дүр дээр тоглох юм бол, энэ дүрийг хэн авах бол гээд л өөр өөрийнхөөрөө зохиож байсан гэхэд буруудахгүй.

Угаасаа СУИС-ийг төгсөөд гарахад, энэ драмын жүжигчин болно, энэ хошин урлагийн жүжигчин болно, энэ кино жүжигчин болно гэж ангилагдаж, ялгагддаггүй. Бүгд л жүжигчний мэргэжлээ эзэмшээд гардаг болохоор ямар ч төрөл жанр руу хөрвөх чадвартай байдаг. Түүнээс гадна "Нэгэн зуны цэцэг" драмын жүжиг дээр миний авсан дүр ажиллахад хэцүү байсан ч тэр нь маш амттай байсан гэхэд хилсдэхгүй болов уу.

-Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу вэ?

-Жүжигчний мэргэжлээ сонгосон явдал. Манай аав, ээж хоёр намайг жүжигчин болгох дургүй байсан. Тэр дундаа эмэгтэй хүнд их хэцүү. Цаг наргүй ажиллана, ачаалалтай гээд л хэлдэг байсан юм. Бүр намайг хоёр, гуравдугаар курст байхад хүртэл миний охин одоо сургуулиа сольчих оо гэж гуйж байсан юм.

Тэгээд л тэр үед би аав, ээж хоёртоо, "Зүгээр ээ энэ бол миний амьдрал. Алдсан ч би алдъя, оносон ч би онъё та хоёр маань битгий сэтгэлээ чилээ" гэж хэлж байсан юм.

Би амьдралдаа аав, ээж хоёрынхоо үгнээс огт гарч байгаагүй. Ганцхан удаа би мэргэжлээ сонгохдоо л үгнээс нь зөрж байсан юм. Гэхдээ би одоо ч гэсэн маш их баярладаг. Өөрийнхөө хүссэн мэргэжлээр ажиллаж байгаадаа үнэхээр их баяртай байдаг. Ядарч байсан ч гэсэн хэзээ ч ядарч байна гэдэг үг бид нарын амнаас гардаггүй. Өлсөж, цангаж, ядрах нь бараг жаргал юм шиг санагддаг тийм л их мэргэжилдээ хайртай.

-Эмоци продакшныхаа хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд ярилцлагаа өндөрлье?

цэст нь гэж хэлэхэд хамгаас хайртай хамт олондоо, ах эгч нартаа, найзууддаа, дүү нартаа Эмоци продакшны 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Хамт олондоо чин сэтгэлээсээ маш их хайртай шүү. Үргэлж Эмоци продакшныхаа эд, эс гэдгээрээ би дандаа бахархаж явдаг. Та нартаа маш их хайртай шүү. Дахиад бүгдээрээ маш олон жилийнхээ баярыг хамтдаа тэмдэглэх болно оо.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлхийн дулаарлаас шалтгаалж “Зомби вирус“ сэрж байна
Дэлхийн дулаарлаас шалтгаалж “Зомби вирус“ сэрж байна
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.