Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар ёсзүйн хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр "Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Үүнийгээ бүлгийн хуралдаанд танилцуулсан. Ажлаас чөлөөлөгдөж байгаа учир нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажил явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага үүрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.
Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Би хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой.
Ёсзүйн хариуцлага хүлээж буй нь надад гэм буруутай юм уу, эрүүгийн хэргийн шинжтэй үйлдэл хийсэн зүйл байхгүй. Гэхдээ Засгийн газрын хүрээнд тавигдаж буй зорилтын хүрээнд 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан. Миний хувьд автобус гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан" гэлээ.
Мөн тэрбээр "Намайг орж ирэхэд олон ажлыг зэрэг эхлүүлсэн, эрэмбэ тодорхой биш байсан. Харин одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого одоо тодорхой болсон.
Нэгдүгээрт, нийтийн тээврийн асуудал.
Хоёрдугаарт, Холбоос зам,
Гуравдугаарт замын хөдөлгөөн зохицуулалт,
Дөрөвдүгээрт, хууль зүйн орчин, соён гэгээрэл,
Тавдугаарт, хот хөдөөгийн сэргэлт гэсэн таван чиглэлд бодлого тодорхой болсон байгаа.
Нийтийн тээвэр хотын хөгжлийн хамгийн чухал зүйл. Намайг ажлаа хүлээж авахад нийтийн тээвэр миний бодсоноос ч хүнд байсан. 2022, 2023 оны хувьд 1000-аад автобус ашиглалтад гарах нөхцөл байдал үүссэн байсан. Ойрын саруудад 700 гаруй автобус ашиглалтаас гарна.
Анх төлөвлөхдөө 500 үнэтэй, чанартай автобус авна гэж тооцоолж байсан ч дахин 300 автобус авах тооцоолол гарсан. Тиймээс нэг далайлтаар автобусыг шийдэх үү, эсвэл ээлж дараатай шийдэх үү гэдэг асуудал гарч ирсэн. Тиймээс энэ ондоо багтааж 100 ширхэгийг шийдэхээр болсон. Цавчааны асуудал үүсгэхгүйн тулд 500 гэж тооцож байсан асуудлаа 810 болгосон. Шалгарсан компани нь "ТЭНҮҮН ОГОО" ХХК байсан. Би анх удаа төрийн ажил хийж үзээгүй биш. Тиймээс анхнаас нь хүмүүст "Бүх зүйл шалгагдана шүү. Тиймээс хуулийн дагуу ажиллаж, чанарынхаа асуудлыг анхаараарай" гэж хэлж сануулж байсан" гэлээ.