Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр, "Хэрэг түргэн шуурхай шийдэгдээсэй гэх хүлээлт олон нийтийн дунд их байна. Шийдэхийн тулд мөрдөх байгууллагууд өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэхдээ мөрдөч прокуроруудаас шалтгаалахгүй байцаан шийтгэх ажиллагааны маш олон асуудал байдаг. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оролцогчдын гомдлыг заавал хянан шийдвэрлэх ёстой. Хэрвээ оролцогч нарын гомдлын эрхийг хангаагүй бол хэрэг шийдэхэд буцах үндэслэл нь болдог. Тийм учраас мөрдөгч, прокуророос шалтгаалахгүйгээр шинжээч томилдог. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг дээр 62 шинжээч томилсон. Ингэхэд 1-1429 хоног зарцуулсан. Миний санаж байгаагаар 354 хүсэлт гомдлыг гаргасан байдаг. Үүнийг шалгаж, шийдвэрлэхэд 14-21 хоног зарцуулсан. Энэ мэтчилэн хуулийн зохицуулалтаас шалтгаалж, нүүрсний гэх хэрэг, боловсролын зээлийн сангийн гэх хэргийг шалгаж, шийдвэрлэхэд хугацаа маш их шаардаж байна. Тийм учраас ажлыг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар, нүүрсний гэх тодотголтой 66 хэрэг байгаа. Энэ хэргүүд бүгд нэг өдөр шүүхэд очоод шийдвэрлэгдэхгүй. Долоон хэрэг шүүхэд шилжсэн, 14 хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд, 10 хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа. 29 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Нийт 143 хүн яллагдагчаар татагдсан. Гурван аж ахуйн нэгж байна. Би буруу санаагүй бол нийтийн албан тушаалтан 90 хүн, улс төрд нөлөө бүхий 12 хүн байна.
Ногоон автобусны гэх хэргийн тухайд бол урьд шөнө дөрвөн хүнийг албадан саатуулсан байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.