"Орбита” эмнэлэгт 59 хоногийн өмнө нүдний хагалгаанд орж хохирсон орон нутгийн иргэн УЕП-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Би 59 дэх хоногтоо хохирлоо барагдуулахаар бүхий л хууль дүрмийн дагуу төрийн байгууллагуудаар хандаад явахад аль ч газраас дорвитой шийд өгсөнгүй өнөөдрийг хүргэлээ. Би 2019 онд хэвийн ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ нүдэндээ нулимсны сүвний гэмтэл авснаас болж нүдний ухархай дээр жижигхэн нүх гарсан зөвхөн хүйтэн салхитайд л нулимс гардгаас өөр зовуурьгүй байсан.
Түүнээс хойш таван жил хэвийн ажил хэрэг гүйцэтгэж байгаад 2023 оны нэгдүгээр сарын 06-нд "Орбита" эмнэлэгт үзүүлсэн. Үзлэгээр хагалгаанд яаралтай орохгүй бол болохгүй гэсэн зөвлөгөө өгснөөр нэгдүгээр сарын 07-нд хагалгаанд орсон. Миний нүдний байдал дээрдээгүй тул 2023 оны дөрөвдүгээр сарын 05-нд дахин хагалгаанд орсон. Мөн долоодугаар сарын 04-нд гээд нийтдээ гурван удаа хагалгаанд орсон.
Өнөөдрийг хүртэл нэг хагалгаа хийгээд 3-6 сарын дотор асуудалгүй эдгэнэ. Бид үргэлжилсэн эмчилгээ хийж байгаа гэж “Орбита” эмнэлгийн эмч нар худлаа яриад байгаа юм. Үргэлжилсэн эмчилгээ хийснээрээ миний нүд илүү дордож байгаа.
Одоо нүд бүрэлзээд, нуухтаад, зовхи доошоо унжаад том жижиг нүдтэй болсон. Гоо сайхан болон эрүүл мэнд талаасаа бүрэн хохирч байна. Миний зүүн нүд төрөлхийн огт хардаггүй. Ганц хараатай нүдэнд минь хагалгаа хийгээд бүр дордуулчихсан. Хүний бие эрхтэн бие биеэсээ хамааралтай байдаг. Хэдэн жилийн дараа ганц хардаг нүдэнд минь нөлөөлөөд энэ хагалгаанаас болж бүрэлзэж, сааралтаад, хараа нь муудчихвал би хорвоог тэмтчиж явдаг ирээдүйтэй болно.
Тийм учраас ямааны мах халуун дээрээ гэдэг шиг, энэ асуудлыг хурдан шийдмээр байна. Хууль хяналтын байгууллагуудаас тусламж хүсэхээр намайг өргөдөл бичихийг шаарддаг. Одоо миний бие өргөдөл бичиж өгье гэхээр гурав дахь мөрнөөс бүрэлзээд харагдахаа больсон. Хүн гуйгаад өргөдөл бичээд өгнө. Төрийн албанаас ямар ч хариу өргөдөл өгөхгүй сар дамнаж байна. Одоо миний хувьд бүх зүйл 0 цэгтээ хүрчихсэн нөхцөл байдалд байна” гэлээ.
Д.Дөлгөөн