Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болсон бөгөөд шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Үүнд:
- Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд анхаарч, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.
- Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах.
- Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.
- Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхтэй холбогдуулан авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээвэр саадгүй зорчуулах, хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдал, зохион байгуулалтын ажлаа сайтар хангаж ажиллах.
- Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах.
- Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг нэмэгдүүлэх, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар өглөө.