Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын намын дарга нар жагсаалтад дандаа залуучуудыг оруулна гэснээс болж багагүй БУЖИГНАЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд
Гэрэл зургийг Mpa.,mn

Ардчилсан намынхан сонгуулийн ажилдаа орохын тулд сандал суудлын томилгоогоо ярьж дотооддоо бужигнаантай байгаа бол Ардын намынхан ч багагүй бужигнаантай өдрүүд өнгөрч байна. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын залуу дарга нар 2024 оны сонгуулийн намын жагсаалтад дандаа залуучуудыг оруулна гэдэг бодлогоо дотоодоо илэрхийлжээ. Үүнээс нь үүдэж жагсаалтад орно хэмээн дээгүүр дүүлж явсан эрхмүүд уурлалдаж, багагүй хэрүүл шуугиан тарьж яваа сурагтай.

Ирэх сонгуулийн намын жагсаалтын нэрс бол 2012 оных шиг мөнгөний, эсвэл хүслийн жагсаалт байх боломжгүй. Нэг удаа ийм жагсаалтад хулхидуулчихсан сонгогчид энэ удаад хатуухан шүүж, дүн тавих нь гарцаагүй. Тиймээс өнгөрсөн зун МАН-ын дарга нар ирэх сонгуулийн “хар зураг”-аа гаргахдаа жагсаалтыг цэвэр ариун байлгах нь зүйтэй гэдэг дээрээ тохирчээ. Хуучин шигээ үеэ өнгөрөөж буй улстөрчдийн сүүлчийн “цайз”. Эсвэл мөнгөтэй тарган цатгалан хэн нэгний худалдаад авчихдаг эд зүйл биш байлгах гэнэ.

Мэдээж хэд хэдэн удаа сонгогдож, элдэв төрийн бус байгууллагуудыг нь тэргүүлж, түүнийхээ төлөө цаг хугацаа, мөнгө санхүүгээ зарцуулсан улстөрчдөд энэ шийдвэр таалагдахгүй. Цаашлаад жагсаалтаас гадна тойрогт нэр дэвших процесс дээр 80-аад оныхон бас залуу үеэ түлхэж оруулах гэж оролдох нь гарцаагүй.

Нөгөө талаас нь харахад жагсаалтад залуучуудыг түлхүү оруулах нь сонгуулийн холимог тогтолцоог зүтгүүлэх үед л ойлгомжтой байсан асуудал юм. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 80-аад оны залуусын тогтолцооны өөрчлөлтийг хийх улс төрийн гол шалтгаануудын нэг нь нам дотроо, цаашлаад улс төрд үе солих алсын хараа байсан юм. Ялангуяа Ерөнхий сайдын хувьд энэ парламент, Засгийн газарт өөрийн биш бусдын баг дээр ажиллаж байгаа нэгэн. Цаашдын улс төрөө олон жил хадгалж, эрх мэдлээ үргэлжлүүлж, бодлого шийдвэрээ хэрэгжүүлнэ гэвэл өөрийн багтай байх зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулийн дүнгээр өөрийн багаа оруулж ирэх ёстой тул жагсаалт болон тойрогт нэр дэвших процесс дээр залуучуудыг голдуу түлхэж, ах нарыг шахаж гаргаад өөрийн багаа бүрдүүлнэ гэсэн үг. Хэрэв энэ үйл явцыг МАН-ын дарга, генсек хоёр хийж чадахгүй бол ирээдүйн улс төр нь асар бартаа, саадтай замаар өрнөх нь гарцаагүй.

Магадгүй жагсаалтад олон сонгогдсон гишүүд, дарга нарыг оруулахгүй байхын тулд намын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан хоёр өөрсдөө манлайлал үзүүлж жагсаалтад орохгүй гэдгээ зарлаж, тойрогт өрсөлдөх байх. Ингэсэн тохиолдолд бусад гишүүд нь дарга нараа давж жагсаалт мөрөөдөх боломжгүй болно гэсэн. Ямартаа ч Ардын нам дотор багагүй толхилцох дараагийн сэдэв бол сонгуульд нэр дэвших үйл явц юм.

Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ
Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.