Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: 18-64 насны 100 хүн тутмын 67 нь ББСБ-аас зээлтэй бөгөөд нэг зээлдэгч дунджаар 2,4 сая төгрөгийн зээлтэй байна

Ангилал
Visual toim
Огноо
Унших
6 минут 30 секунд

Санхүүгийн хүндрэл гээч "нөхөр" өрх бүрийн үүдийг тогшиж орон эзэн суугаад удаж байгаа энэ цаг үед дэлгүүрт өргүй, банкинд зээлгүй хүн тун ховор. Цалингаас цалин хооронд, өрийг өрөөр дарж амьдарч байгаа нь үнэн. Тиймдээ ч иргэд цаг хугацаа, нөхцөл шаардлага, хүндрэл чирэгдэл зэргээс шалтгаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах нь ихэссэн. Саяхан Санхүүгийн Зохицуулах хорооноос санхүүгийн салбарын хоёрдугаар улирлын тоймыг гаргасан байна. Тус тайланд дурдсанаар ББСБ-аас зээл авч буй нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ 50 хувиар өссөн гэнэ. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн үзүүлэлт, зээлдэгчдийн нөхцөл байдалтай холбоотой тоон мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

-Монголд 522 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна-

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 522 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар, 2019 оны мөн үетэй харьцуулахад 3.0 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.

-ББСБ-д 1,3 сая иргэн зээлтэй байна-

Тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй 522 банк бус санхүүгийн байгууллагад давхардсан тоогоор 3,9 сая иргэн харилцдаг байна. Үүнээс одоогийн байдлаар 1,3 сая нь зээлтэй гэх бүртгэл байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн тоо 2022 оны хоёрдугаар улирлаас 12.9 хувиар буурчээ.

-ББСБ-уудын 25 буюу 4.8 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай байна-

ББСБ-уудын 25 буюу 4.8 хувь нь гадаадын, 95.2 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай байна. Гадаадын хөрөнгө оруулалтай ББСБ-уудын 44.0 хувь буюу 11 нь Япон, 28.0 хувь нь буюу 7 нь БНСУ, 2 нь АНУ-ын, үлдсэн нь Их Британи, Канад, Малайз, ОХУ, Сичелл, БНХАУ зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд салбарын нийт хөрөнгийн 14.3 хувийг эзэмшдэг бөгөөд нийт харилцагчдын 2.6 хувьд үйлчилгээ үзүүлдэг байна.

-ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 763.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ-

ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 763.2 тэрбум төгрөгөөр буюу 24.0 хувиар, 2019 оны мөн үетэй харьцуулахад 2.4 их наяд төгрөгөөр буюу 157.4 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, ББСБ-уудын нийт хөрөнгө Монгол Улсын ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэхүйц хэмжээнд байгаа аж.

-Нийт зээлийн 3,3 хувь нь хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд бүртгэлтэй байна-

Зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буюу 609.7 тэрбум төгрөгөөр, 2019 оны 2 дугаар улирлаас 183.3 хувиар буюу 2.0 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй байна. Харин нийт зээлийн үлдэгдлийн 97.4 хувийг төгрөгөөр, үлдсэн 2.6 хувийг валютаар олгосон зээл эзэлж байна. Ингэхдээ нийт зээлүүдийн 3,3 хувь нь хугацаа хэтэрсэн, 7,7 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ.

-100 мянган иргэнд 49 ББСБ ногдож байна-

Монгол Улсын хэмжээнд 18-64 насны 100,000 иргэнд 49 ББСБ, 1000 аж ахуйн нэгжид 11 ББСБ ногдож байна. Төвийн бүс 100,000 иргэнд 32 ББСБ, зүүн бүс 1000 аж ахуй нэгжид 11 ББСБ ногдож байгаагаар ББСБ-ын хүртээмжээр тэргүүлж байна. Улаанбаатар хотын хувьд 100,000 иргэнд 76 ББСБ, 1000 аж ахуйн нэгжид 11 ББСБ ногдож байгаа нь орон нутгаас хүртээмж сайтай байгааг харуулж байна

-Нэг зээлдэгч дунджаар 2.4 сая төгрөгийн зээл авсан байна-

Монгол Улсын хэмжээнд ББСБ-аас нэг зээлдэгч дунджаар 2.4 сая төгрөгийн зээл авсан бол орон нутагт энэхүү үзүүлэлт 2.6 сая төгрөг, Улаанбаатар хотын хувьд 2.4 сая төгрөг байна. Харин уг үзүүлэлт өмнөх оны мөн үед улсын хэмжээнд 1.6 сая төгрөг байсан ба 2023 оны хоёрдугаар улирлын хувьд ББСБ-аас зээл авсан нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ 50 хувиар өсчээ.

-18-64 насны 100 хүн тутмын 67 нь ББСБ-аас зээлтэй байна

ББСБ-ын харилцагчдын тухайд 45.4 хувь нь эрэгтэй, 54.4 хувь нь эмэгтэй мөн 0.1 хувь нь хуулийн этгээд эзэлж байна. Харин ББСБ-ын зээлдэгчид /насны бүлгээр/ авч үзсэнийг дээрх графикаас харж болно. Мөн нийт зээлдэгчдийн тоо 1.3 сая байгаа нь давхардсан тоогоор хөдөлмөрийн насны буюу 18-64 насны 100 хүн тутмын 67 нь ББСБ-аас зээлтэй байна гэсэн үг юм.

-434 ББСБ 196 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ-

Банк бус санхүүгийн байгууллагуудын дундаж нийт орлого 520 тэрбум төгрөг гэж дүгнэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин зарлагын хувьд 331.1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс цэвэр ашиг нь 189.1 тэрбум төгрөг байна. Цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өсжээ. Үүнийг нарийвчлан задалбал,

  • 434 ББСБ нь 196.0 тэрбум төгрөгийн ашигтай
  • 12 ББСБ нь ашиг, алдагдалгүй
  • 76 ББСБ нь 6.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Бүгд Найрамдах Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Бүгд Найрамдах Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
 
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
ХЭҮК хоригдол нас барсан 413 дугаар ангид шалгалт хийжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.