Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Батзориг: Торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй бол цахим гэрчилгээ авах боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 9 секунд

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзоригоос тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээний талаар тодрууллаа.

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажил Улаанбаатар хотоос эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалт, төлөвлөлтөд зарим нэг өөрчлөлт хийж буй. Тодруулбал, өнгөрсөн жил нийслэлийн 161 байршилд RFID буюу радио давтамжийн үнэлэлтийг ашиглах, уншигч төхөөрөмжүүдийн дэд бүтцийг бүрэн суурилуулсан. Энэ жил нийслэлийн бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох бөгөөд дараа жилээс орон нутаг, импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар гарсан түр журам үйлчилнэ. Эхний ээлжид 442 мянган цахим гэрчилгээ болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, программыг нийслэлийн хөрөнгөөр худалдаж авсан бөгөөд гүйцэтгэгч компани суурилуулалт хийж байна. Энэ сард багтаан зорилтот бүлгийн тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд цахим гэрчилгээ олгож, ирэх сараас нийт иргэдэд цахим гэрчилгээ олгох юм. Цахим гэрчилгээ олгохтой холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ.

-Олон нийтийн зүгээс тус гэрчилгээг чагнах, тагнах төхөөрөмж гэсэн хардлага гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээ нь чагнах, тагнах төхөөрөмж биш. Харин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бүртгэлийг хийж, төлбөрийн системээ цахимжуулан, тээврийн хэрэгслийн зохицуулалтыг гар утасны аппликейшн болон цахим системээр харах боломжтой. Мөн замын ачаалал хаана их байгааг бодитоор харах боломжтой юм.

Түүнчлэн жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ. Өнөөдрийн байдлаар торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй тээврийн хэрэгслийг шууд тодорхойлох боломжгүй байна. Заавал Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын тусламжтайгаар шалгаж байгаа. Харин энэ төхөөрөмжүүдийг суурилуулж, цахим гэрчилгээ олгосноор тухайн тээврийн хэрэгслийн зөрчлийн мэдээллийг харах боломж бүрдэнэ. Мөн хуулийн дагуу татвар, төлбөр, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах юм. Энэ тохиолдолд Тээврийн хэрэгслийн хяналтын цахим гэрчилгээний түр журам гарна. Түр журмын төслийг боловсруулсан. Торгууль, татвараа төлөөгүй, үзлэг оношилгоондоо ороогүй бол цахим гэрчилгээ авах боломжгүй.

-Энэ ажил авто замын түгжрэлийг бууруулахад хэр нөлөөтэй вэ?

-Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх хүрээнд хийж байгаа ажил учраас хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө гэхээсээ илүү соёлтой, хариуцлагатай хөдөлгөөнд оролцох бололцоог хангана. “Ковид-19”-өөс өмнө жилд дунджаар 80 мянган тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар олгодог байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 59 мянган машинд хотын сертэй дугаар олгосон. Хагас жилийн дотор 60 мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Тэгэхээр импортоор орж ирж буй автомашинуудад тодорхой бодлого хэрэгжүүлэхгүй бол одоо хийж байгаа авто замын томоохон бүтээн байгуулалтууд, нийтийн тээврийн парк шинэчлэл, зарим уулзварын өөрчлөлт зэрэг нь төдий л үр дүнгээ өгч чадахгүй. Тиймээс энэ чиглэлийн саналуудаа Үндэсний хороонд тодорхой танилцуулахаар бэлтгэж байна.

Туул голд 19 настай залуу осолдож, амиа алдлаа
Туул голд 19 настай залуу осолдож, амиа алдлаа
 
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Б.Жаргалсайхан: Биднийг гудамжинд гаргаж, хэн ч биш болгох гэж байхынхаа оронд наад төсвөө аятайхан хэлэлц
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.