Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FAVWAY: Бид дөрөв үзэгчидтэйгээ хамт “ТОМ БОЛОХ“ төлөвлөгөөтэй

Ангилал
Ubn story
Огноо
Унших
13 минут 2 секунд

Монголын соёл урлагт нэгэн шинэ өнгө төрхийг бүтээж буй охид бол яах аргагүй "Favway". "Хөөе ах аа" хөгжөөнт нэвтрүүлгээр үзэгчдийн хайрыг татаж, Oh-Hi school, Love story, Урлагийн сургууль зэрэг сонирхолтой веб драмануудаар үзэгчдээс өндөр үнэлгээ авсан эдгээр охидыг "UbnStory" булангийнхаа энэ удаагийн зочноор урин оролцуулж, шинэхэн уран бүтээл хийгээд өнгөрсөн дурсамж бүртэй нь хамтдаа аяллаа.

-"Favway"-ийн хөөрхөн охидоор ЮУ БАЙНА?

-Томоо: Саяхан "Гэгээ" гэх шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан байгаа. Удахгүй буюу энэ сарын 25-наас бүх IPTV-ээр гарах төлөвлөгөөтэй байна.

Жижгээ: Киногоо үзэхийг тэсэн ядан хүлээгээд байж байна. Өөрсдийнхөө бүтээсэн уран бүтээлээ хүмүүст хүргэхийн өмнө жаахан догдлолтой байдаг шүү дээ. Үзэгчид юу гэж хүлээж авах бол гэсэн бодол одоо ч төрж байна.

-Шинэхэн уран бүтээлийнх нь талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Та дөрвийн хувьд үзэгчдийг "Гэгээ" уран сайхны киноноос ямар мессеж аваасай гэж хүсэж байгаа вэ?

-Жижгээ: Өмнөх уран бүтээлүүдээрээ үзэгчдийг "Жаргаж үз" гэж л хүсдэг байсан. Харин одоо үзэгчид маань "Гэгээ" киноны маань постерыг хараад бидний хийж байсан уран бүтээлүүдээс огт өөр юм байна гэж ойлгож байгаа байх. Энэ кино нь бидний хийж байсан өмнөх уран бүтээлүүдээс тэс өөр утга агуулгатай. Тэр дундаа хамгийн сайхан хайр болох "Аавын хайр"-ыг өгүүлнэ. Тэр ч утгаараа илэрхийлэх санаа маш олон бий.

Бид дөрөв зохиолоо өөрсдөө бичдэг. Яг "Гэгээ" уран сайхны киноныхоо зохиолыг бичихдээ нус, нулимстайгаа хольж бичсэн дээ.

-Уг киноны зохиолыг та дөрөв өөрсдөө гардан бичсэн юм байна шүү дээ. Тэгвэл найруулагчаар ямар хүн ажиллав?

-Томоо: Ү.Ундрал маань нэгдүгээр найруулагчаар ажилласан. Мөн бидэнтэй маш олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан Б.Болдбаатар ах маань найруулагчаар ажилласан.

-Гол дүр бол яах аргагүй Томоо ажилласан байсан. Ер нь энэ киноны утга агуулгыг илэрхийлэхэд хамгийн тохирох хүн нь байсан байх?

-Томоо: Манай гурав энэ зохиол дээр намайг ажиллана гэдгийг эртнээс хэлж байсан. Бүр намайг будгаа арилгаад, сормуусаа аваад өөрийнхөө сэвхийг гаргачих гэж байсан юм.

Миний хувьд төрөлхийн сэвхтэй учраас дүрээ өөрийнхөө унаган төрхөөр бүтээсэн. Гэхдээ би бага байхдаа онигор нүд, сэвхтэй царайнаасаа жаахан ичээд байдаг байсан юм. Яагаад гэвэл хүмүүс намайг сэвхтэй гээд их шоолдог байсан. Гэтэл манай гурав "Сэвхээ гарга. Кинонд маань их зохицно" гээд л сэвхээ гаргасан.

Жижгээ: Киноны маань гол дүрийг тэр дундаа эгэл жирийн монгол охины дүрийг бүтээх хүн манайд ганцхан бий. Тэр бол мэдээж Томоо байсан. Тийм ч учраас киноныхоо зохиолд нийцсэн дүр гэж хэлж болно. Магадгүй Ундрал, Жими бид гурав тоглосон бол тийм ч их тохирохгүй байсан байх.

-Томоогийн бага насны дүрд тоглосон бяцхан охин Томоотой маш адилхан юм билээ. Магадгүй дүү нь үү?

-Томоо: Манай төрсөн дүү биш. Харин хамаатны маань дүү. Хүмүүс ч гэсэн ямар адилхан юм бэ гээд л байсан. Харин дунд насны маань дүрд манай Жижгээгийн хамаатны дүү тоглосон. Бид гурвын хамтдаа авхуулсан зураг маш адилхан. Бараг миний хүүхдүүд шиг л.

-Киноны зураг авалтын ард хийгдсэн нэг бичлэгээ цацсан байсан. Томоогийн уйлдаг сцень явагдаж байхад Ундрал уйлаад л. Тэр бичлэг маш олон хүний хайр, хүндлэлийг хүлээсэн байх?

-Жижгээ: Бид дөрөв ажил мэргэжлийн онцлогоор хамт байгаа хэдий ч нөгөө талаар найз нөхөд шүү дээ. Найз маань тэнд жүжиглэж байгаа ч гэсэн бид хоёр дагаад уйлаад л байсан. Хүмүүс түүнийг маань хараад "Та хоёр яагаад уйлаад байгаа юм бэ" гэж гайхаад л. Ерөнхийдөө ганц үүн дээр ч гэлтгүй өөр зүйл дээр ч гэсэн бие биеэ байнга өргөж, дэмжиж, гуниглах үед нь гуниглаж, үргэлж хажууд ньь байдаг.

Томоо: Яг сцень дээ төвлөрөөд уйлж байхад манай хоёр уйлчихсан байж байдаг. Түүнийг нь хараад би дахиад л уйлаад байсан. Нэг ёсондоо бие биеэ аргадаж уйлсан кино болсон доо. Гэхдээ кинон дээр маань олон уйлдаг сцень байгаа ч гэсэн тийм ч хүнд үзэгдэл байхгүй. Бас үзэгчдийг уйлуулах гээд л зовоод байхгүй.

Жижгээ: Бид дөрвийг үздэг хүмүүс мэдэж байгаа бол хүнд юманд, хүнд зохиолд, хар бараан зүйлд дургүй.

Томоо: Тиймдээ ч хар бараан зүйлийг гаргахгүйг аль болох хичээдэг. Хэрэв тийм тохиолдол гарвал арай илүү гоёор гаргаад өнгөрөхийг хичээсэн.

-Үнэхээр "Favway"-ийн үнэнч үзэгчид та дөрвөөс хар бараан, хүнд зүйлийг харж чадахгүй байх. Тэр ч утгаараа та дөрвийн баримталж явдаг зүйл нь "Гэгээлэг, эерэг" зүйл байх?

-Жижгээ: Анх байгуулагдахдаа л өөрсдийнхөө юу хийхийг тодорхойлчихсон гэхэд буруудахгүй байх. Яг түүнийхээ дагуу л уран бүтээлүүдээ хийгээд явж байна. Огт замаасаа хазайгаагүй. Гэхдээ уран бүтээл хийх болгоныхоо араас маш их зүйл боддог болсон. Магадгүй том хүн болж байгаагаа мэдэрч байгаа ч юм шиг.

Яагаад гэвэл өмнө нь дандаа сэтгэлийн хөөрлөөр аливаад ханддаг байсан бол одоо арай л том хүн шиг, эгч нар шиг болчихсон. Мэдээж бид дөрөв өмнө нь хүнээс цалинждаг байсан бол одоо хүмүүст мөнгө өгөөд, хүнийг цалинжуулдаг болсон. Тийм болохоор яг ухаан суух гээд явж байна гэсэн үг.

Томоо: Тийм шүү. Бид дөрөв бага багаар суралцаад, ахиад явж байгаа.

-"Favway" гэх дөрвөн охин аль хэдийнээ урлагийн салбарт байр сууриа олчихсон. Өөрсдийн гэсэн хүрээлэлтэй, үзэгчдийн масстай болсон шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн дурсамжаасаа багахан ч гэсэн хуваалцах нь зүйтэй байх. Тэр дундаа энэ хугацаанд хэцүү зүйлтэй хэр их нүүр тулсан талаараа яривал?

-Томоо: Мэдээж хэцүү зүйл асар их тулгарсан. Мөнгө, санхүүгийн асуудлаас эхлээд олон олон бэрхшээлтэй нүүр тулсан. Бид дөрвийн хувьд СУИС-ийг төгсөөд лааз өшиглөж яваад л нийслэн дөрөв. Тэгээд л хамгийн анхны влогоо хийсэн. Тухайн үед биднийг хүмүүс тоож спонсорлож байсан бол одоо өрсдөө бүрэн хэмжээний уран сайхны кино хийх түвшинд хүрчихсэн байна. Тиймээс асар урт замыг туулсаар л байна.

Саяхан бид хүүхдийн баяраар багачууддаа зориулсан хүүхдийн жүжиг тавьсан. Энэ бол бидэнд маш том сургамж бас туршлага болсон. Ер нь бол бидний өмнө тулгарах асуудал маш олон бий. Тэр болгонд уйлна бас заримдаа ярилцаад даваад гарчихна.

Хамгийн хөгжилтэй түүхээсээ хуваалцвал, Хүүхдийн жүжиг хийж байхад надад нэг асуудал тулгарсан юм. Тэгээд л би сургуулилтаа хийнэ дээ гэж бодоод ариун цэврийн өрөө орчхоод гараад иртэл нэг хүн уйлаад байна. Гайхаад харсан чинь Жими маань ороод ирчихсэн бүр уйлчихсан байсан.

Тэгээд надад, "Одоо яах вэ Томоо. За за одоо жүжгээ дуусчхаад уйлъя за юу. Одоо бос" гээд л намайг аваад гарсан. Яг энэ жишээнээс харахад бид дөрөв үргэлж бие биеэ гэдэг, хайрладаг. Алдсан ч, оносон ч хамтдаа байдаг. Юу ч тулгарсан даваад л гардаг, араас нь дахиад өөр зүйл эхэлж л байдаг. Тэр болгонд л суралцаад явж байна даа.

-Та дөрвөөс хамгийн уйлхай, усан нүдэн гүнж нь хэн бэ?

-Томоо: Манай Жими шүү дээ. Жими, Жижгээ бид гурав ажил бүтэхгүй бол маш их стресстэнэ. Түүнийгээ хоорондоо ярилцаад л байна. Харин манай Ундрал юу ч дуугарахгүй. Гэсэн хэр нь л цаанаа стресстээд байгаа нь мэдэгдээд, улайчхаад яваад байдаг. Маш хөөрхөн.

-"Favway-ийн охидыг урлагт шунаж байна гэж харж байгаа. Тэр ч утгаараа үзэгчдэдээ шинэхэн уран бүтээлүүдийг харамгүй туурвиж байгаа гэж бодож байна. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл олон бий шүү дээ. Мэдээж хэрэг манай нийгэмд "хар масс" гэх хүмүүс олон болсон. Ер нь хүмүүсээс ирсэн шүүмжүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Жижгээ: Хүмүүсээс ихэвчлэн "Энэ дөрөв дандаа л 10 жилийн хүүхдүүдэд зориулсан бүтээл хийх юм, одоо нэг том хүнд зориулсан уран бүтээл хий" гэдэг ч юм уу иймэрхүү хандлага ажиглагддаг.

Гэтэл бид дөрөвт өөрсдийн гэсэн ажлын төлөвлөгөө байгаа, өөрсдийн гэсэн өнгө төрх байгаа шүү дээ. Монгол Улсад маш олон уран бүтээлчид бий. Тэд том сэдвээр уран бүтээлээ хийж, үзэгчдэдээ хүргэж байгаа. Магадгүй бид удахгүй том уран бүтээл хийх насан дээрээ оччихно. Тэгэхэд бусадтай харьцуулаад байгаа нь хэцүү санагддаг.

Томоо: Бид дөрөв үзэгчидтэйгээ хамт том болох төлөвлөгөөтэй байгаа.

-Та дөрвийн улаан фенүүд бол яах аргагүй өсвөр насныхан, хүүхдүүд байдаг шүү дээ. Хөөрхөн фенүүддээ зориулаад уулзалт зохион байгуулъя гэж боддог уу?

-Жижгээ: Яахав болохгүй гэх зүйл байхгүй л дээ. Гэхдээ манай нийгэмд одоо арай л тийм зүйл ойлгох болоогүй байгаа юм шиг санагддаг.

Томоо: Гэхдээ хүүхдүүдээс авсан бэлгүүд маш хөөрхөн байдаг. Учир нь хүүхдүүд чин сэтгэлээсээ, өөрсдийнхөө гараар зураг зураад, стикер наагаад, бид дөрөвтэй хамт өөрийгөө байгаагаар дүрслээд сэтгэлийнхээ үгийг бичээд л бэлэглэдэг. Түүнээс маш их хайр мэдэрдэг.

-Үзэгчдэдээ хандаж сэтгэлийнхээ үгийг хэлбэл?

-Томоо: Бид дөрвийг "Бор өндөгнүүд" байхаас минь хойш үзэж, хайрласан, одоо ч хайрладаг хүмүүстээ маш их баярлалаа. Мөн хамтран ажилладаг байгууллагууд, гэр бүл, аав ээж, найз нөхдөдөө маш их баярлалаа. Итгэлийг нь алдахгүйн тул илүү сайн хичээх болно.

Жижгээ: Би ингэж боддог юм. Бид дөрөв дөнгөж эхэлж байгаа. Цаана нь маш олон зүйл хүлээж байгаа. Магадгүй биднийг өнөөдөр ч харж байгаа болон өмнө нь үзэж байсан бүх хүмүүстээ дараагийн олон жилд бидэнтэй хамт байгаарай гэж хүсэж байна. Мөн төгсгөлд нь "Гэгээ" УСК-оо түрээсэлж үзээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

В1 давхар усанд автсан гэх 85 дуудлага бүртгэгджээ
В1 давхар усанд автсан гэх 85 дуудлага бүртгэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.