Комедиан, хөтлөгч Д.Амартүвшин улс төрийн үзэл санааны нам байгуулахаар болсноо мэдэгдэж УБЕГ-аас "Монголын Либертари нам" хэмээх нэрээ баталгаажуулж авсан талаар мэдээлэв. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан Бид түүнтэй ярилцсаныг хүргэж байна.
-Яагаад нам байгуулъя гэж бодсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Одоо бол манай Монгол Улсад яг үзэл санааны нам гэж байхгүй байна. Бүгдээрээ прагматик. Улс төрийн том зургаар нь харахаар бүгд зүүний популистууд болчхоод байгаа юм. Тиймээс Монголд нэг ч гэсэн барууны нам байх ёстой. Ингэхдээ үзэл санаандаа тууштай байдаг нам байгаасай гэж бодсон учраас энэ намыг байгуулах гэж зорьсон. Яагаад либерал гэж нэрлээгүй юм бэ гэхээр Монголд хоёр ч ийм нэртэй нам байдаг юм билээ. Нэг нь Монголын Либерал нам. Нөгөөх нь Монголын либерал ардчилсан нам гэж. Гэтэл жишээ нь АНУ-д либерал гээд ярихаар зүүний үзэлтнүүдийг ингэж нэрлэдэг юм билээ. Тиймээс хүмүүсийг төөрөгдүүлэхгүй байхын тулд Либертари гэхвэл яг барууных гэж ойлгогдоно.
-Та үүсгэн байгуулж буй намынхаа үзэл санаа дээр бат суурьтай байж чадах уу?
-Ер нь бол яг нэг тий идиал нам байгуулъя гэж бодсон юм. Хүмүүст харуулъя гэж бодсон. Үзэл санаа гэдэг чинь ийм зүйл байдаг юм. Тэр үзэл санааны дагуу гишүүдийг ингэж нэгтгэдэг юм. Түүнд таарсан бодлого гаргах ёстой гээд барууны нам ямар байх ёстой. Яг тэр жишгээр л бат суурьтай явна. Үүнийг хүмүүст үзүүлье л даа. Тэгэхгүй бол хэчнээн ч жил Монголын ард түмэн үүнийг хүлээв. Улс төрийн намуудыг хараад байхад дүрмэндээ барууны үзэл баримтлалтай гээд биччихсэн. Атал бодлогыг нь харангуут улаан зүүний бодлоготой л байгаа шүү дээ. Барууны нам гараад ирчхээсэй гэж хүлээгээд ч бараг намайг үхсэний дараа л гарч ирэхээр байгаа учраас үүнийг өөрөө эхлүүлье гэж хийж эхэлж байна.
-Намынхаа гишүүнчлэлийг ямар байдлаар бүрдүүлэх вэ?
-Бид хүн болгоныг намдаа гишүүнээр элсүүлэхгүй. Хамгийн гол нь үзэл санаандаа тууштай байдаг хүмүүсийг л элсүүлнэ. Түүнээс биш хэн дуртайг нь ч юм уу эсвэл албан тушаал горьдсоныг элсүүлэхгүй. Тэглээ ч манай нам ойрын 10 гаруй жилдээ хэн нэгэнд алба тушаал өгөх хэмжээний нам байж чадахгүй байх. Магадгүй яг үзэл санаагаа ойлгодог 500 хүн байхад л бидний хувьд маш том амжилт шүү дээ.
-Нийгэмд маш олон янзын үзэл санаатай хүмүүс бий. Тэ дундаас яг энэ манай намын үзэл санаа, үнэт зүйл гэх шүүлтүүрийг яаж хийх юм бэ?
-Одоо жишээлбэл нэр нь Либертари гэдэг нэртэй байна. Хоёрдугаарт, манай намын дүрмэнд юуг үнэт зүйлээ гэж үзэх вэ гэдэг нь тодорхой байгаа. Бид нар 10 зарчим гаргачихсан байгаа. Одоо 800 гишүүний гарын үсгийг цуглуулахдаа яг тэр зарчмуудыг уншуулаад бид яг энэ зарчмыг дагана гэж оруулж байгаа гэдгийг хүмүүст хэлье.
Дээрээс нь нэг чухал зүйл бол татвартай байх ёстой. Хэрвээ чи элссэн намдаа татвар төлж чадахгүй бол гишүүн байгаад яах юм. Тиймээс заавал татвар төлөх ёстой. Манай Монголын намууд харамсалтай нь тийм биш шүү дээ. Бараг эсрэгээрээ хэдэн том баян нөхдүүд гарч ирээд хүмүүст мөнгө тараадаг. Аль аль намд байгаа хэвийн үзэгдэл болчихсон. Нөгөө гишүүд нь ч мөнгө аваад сурчихсан. Уучлаарай манайх тэгэхгүй. Харин ч таниас мөнгө авна гэдгийг хэлчихье. Чи намаа санхүүжүүлж чадахгүй бол үзэл санаа гэж яриад яах юм бэ. Чи үнэт зүйлийнхээ төлөө мөнгө гаргаж чадахгүй бол гишүүн байгаад яах юм гэж л хэлмээр байна.
Хэрвээ намын гишүүд нь татвараа төлж чадахгүй бол тэр нам хэн нэг мөнгөтэй этгээдийн халаас руу л орно.Өөрсдөөсөө санхүүжилтээ босгочихвол тухайн нам чинь үнэт зүйлээ хадгалаад тогтвортой байх байхгүй юу.
-Намынхаа нэрийг баталгаажуулаад авчихлаа. Одоо УДШ-д бүртгүүлэхийн тулд олон процесс өрнөх байх. Бүртгүүлж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ?
-Манай намыг бүртгэх магадлал тун бага юм билээ. Гэхдээ энд нийгмийн маш том хөдөлгөөн харагдах байгүй юм. Хүмүүс МАН, АН-аас чинь үнэхээр залхчихсан байна шүү. Энэ хоёр нам чинь үнэхээр тартагтаа тулчихсан байна. Тиймээс хүмүүс өөр зүйл хүсэж байна. Тэр тусмаа үзэл санааны нам хүсэж байгаа шүү гэдэг ойлголт нийгэмд маш том дохио болох юм.
Эцэст нь хэлэхэд нам гэдгийг болшивек маягаар төрийн эрхийг авдаг байгууллага гэж үзээд байна л даа. Үгүй ээ, нам гэдэг чинь үзэл санаагаараа нийлсэн хэсэг бүлэг хүмүүсийн л нэгдэл. Төрийн бус байгууллага шүү дээ. Гэхдээ энэ байгууллага үзэл санаагаараа дамжуулаад улс төр хийнэ. Заавал төрийн эрх авах албагүй. Парламентад суух ч албагүй үзэл санаагаа л нийгэмд ойлгуулах нь чухал гэж хэлье.