Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдэвт бүсчилсэн сургалтыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 25, 26 ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Бүсчилсэн сургалт нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй мөрдөн шалгах ажиллагаа мөн гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийг шалгахад хүний эрхийн мэдрэмжтэй, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалах ур чадварыг нэмэгдүүлэх, хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах талаар харилцан туршлага солилцох, эрх бүхий алба хаагчдын эрх зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Сургалтад дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдаас гадна Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн дарга мөн мөрдөгч, ахлах мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, хэсгийн байцаагч зэрэг 88 эрх бүхий албан тушаалтан хамрагдаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Болормаа нар оролцож, үг хэллээ.