Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний сонсголыг нүдээ аниад өнгөрүүлэхээр шийдэв үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 12 секунд

Улс төрийн гал дундуур хамгийн их биеэ оторлож, хойш суусан хүмүүс бол нүүрс, тээврийн асуудлаарх Хянан шалгах түр хорооны гишүүд.

Анх нүүрсний гэх хэрэг өндрийг авах үед 10 гаруй жилийн хугацаанд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдагдаж, 40 гаруй их наяд төгрөгийн хохирол учирсан хэмээн асуудлыг босгож, хянаж шалгаад хилийн боомтууд дээр үүссэн хүндрэлийн шалтгаан нөхцлийг тогтооно гэж их л дөвчигнөж тухайн үедээ л галтай сэдвийг өөрсөд рүүгээ чиглүүсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо өнгөрсөн 11 сарын хугацаанд хийсэн ажилгүй, хэлэх үггүй байсаар ирэх сард татан буугдах нь.

Сарын өмнө нүүрсний сонсгол хийхээр болж, 100 гаруй хүнийг гэрчээр дуудахаа мэдэгдэж байсан ч нэрсээ зарлах болтол гэнэтхэн хойшлуулчихсан. Үүнийгээ тэд тайлбарлахдаа АТГ-аас сонсголыг хойшлуулж өгөх санал ирснийг хүлээж авсан хэмээдэг.

Гэтэл АТГ-аас Хянан шалгах түр хороо нүүрсний хэргээр цагдан хоригдсон ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас авхуулаад яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэд хэдэн хүмүүсийг гэрчээр дуудна гэсэн учраас мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй үндэслэлээр тухайн хүмүүсийг гэрчээр дуудахыг түр хойшлуулах саналыг хүргүүлсэн гэж мэдэгдсэн юм.

Товчхондоо саналын агуулгад туссан хүмүүсийг гэрчээр дуудахаас бусад тохиолдолд нүүрсний сонсголыг хийхэд болохгүй зүйлгүй гэсэн аж. Тиймээс түр хорооны дарга, гишүүдийн аман дээр гардаг АТГ-ын санал нь шалтгаан биш шалтаг болох нь тодорхой.

Түр хорооны гишүүд хэзээ нь тодорхойгүй сонсгол хийнэ гэж бөөрөнхийлж, харин дарга нь заавал сонсгол хийнэ гэсэн ойлголт байхгүй гэж няцаасан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Саяхнаас Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболдыг ажлаа хийж чадахгүй байна гэх шүүмжлэл улс төрийн хүрээнд ил далд яригдах болж орны хүнд нь Т.Доржханд, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын нэрс ч дуулдаж эхлэв. Нөгөө талаар "набор"-оос бүрдсэн түр хорооны гишүүдийн хэн нь хэнийгээ хянаж шалгаад, хуулийнханд тушаах бол гэсэн асуудал ч зангидагдана.

Тухайлбал, ажлын хэсгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар нар нь өөрсдөө нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Н.Наранбаатарын хувьд бүрэн эрхээсээ хүртэл салахаа шахсан хүн. Азаар ах намынхан нь түүнийг аваад үлдсэн болохоос.

Асуудал даамжирсаар саяхан Түр хорооны дарга Г.Ганболд, гишүүн Т.Доржханд нарын хүүхдүүд боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан асуудал сөхөгдөж, шүүмжлүүлээд амжсан.

Бодит нөхцлөөс харвал яг одоо ҮХНӨ-ийн асуудал эд эрчээ авч, улс төр, нийгмийн анхаарлын төвд ороод буй тул хэлэлцүүлгийн явцад сонсгол хийх ямар ч боломжгүй байдал үүсээд эхэлчихсэн. Товчхондоо энэ байдал түр хорооныхонд сонсгол зохион байгуулахгүй байх том шалтаг болсон нь мэдээж. УИХ-д тайлангаа тавьж амжилгүйгээр сэмхэн татан буугдах сонирхол ч тэдний дунд байгааг үгүйсгэхгүй.

Тэдэнд одоо сар хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд энэ хооронд санаа нь байгаад сачий нь хүрвэл нүүрсний сонсголоо хийх нь хэрэгтэй. Үгүй бол нэрнээс цаашгүй түр хороог татан буулгаж, нийгмийн шүүлтүүрээр орж дүн тавиулах цаг нь иржээ.

Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана
Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана
 
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.