“Gobi bear” төслийн хүрээнд гадны судлаачид мазаалайг багагүй хугацаанд судлаад буй. Эл төслийн удирдагч Харри Рейнольдс 2005 оноос жил бүрийн хавар, намар Монголд ирж, говийн баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүдэг байсан. Гэвч коронавирусийн улмаас Улс орон бүр хөл хорио тогтоож, Харри болон олон улсын бусад судлаачид Монголд ирэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, төслийн судалгааны ажил 2019 оноос хойш гурван жил завсарласан юм.
Тэгвэл энэ сард “Gobi bear” төслийн багийнхан Монголд иржээ. Тэд мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүхээр Говийн их дархан цаазат газрыг зорьсон байна. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач Г.Дэлгэрчимэг “Энэ жил Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн профессор Андреас Зедроссер, Жерри Белант болон ХААИС, “Мазаалай хамгаалах сан” ТББ, ГИДЦГ-ын "А" бүсийн хамгаалалтын захиргаа, ШУА-ийн хамтарсан баг судалгаанд оролцож байна” гэлээ.