Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж мэдээлэл өглөө. Улс төрийн намын тухай хуульд АН-аас баримтлах ёстой байр суурийн талаар М.Чимэддорж танилцууллаа. Тэрбээр “2019 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын тухай хуулийг хуульчилсан. Бид таван зүйлийг зармын хувьд баримталж байна.
- Нэгдүгээрт, Монгол Улс маш их улс төржсөн. Сонгуулийн насны долоон хүний нэг нь намын гишүүн байна. Тиймээс намын гишүүнчлэлтэй холбоотой асуудал дээр анхаарч ажиллана.
- Хоёрдугаарт, Намын санхүүжилт. Монгол Улсын төрийн сонгуульд өрсөлдөж байгаа намууд хувийн эрх ашиггүй байх тал дээр анхаарч хуулиар тогтоож өгөх шаардлагатай хэмээн тусгасан.
- Гуравдугаарт, Улс төрийн намуудыг хуулиар тогтоосон бүтэц зохион байгуулалттай байх байр суурь илэрхийлж байна.
- Дөрөвдүгээрт, Улс төрийн нам цомхон байх ёстой гэж тусгасан. Ялангуяа өмчийн тухай асуудлыг ч мөн адил хуулиар зохицуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
- Тавдугаарт, Улс төрийн нам бодлого боловсруулах ёстой учир дэргэдээ судалгааны байгууллагатай байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Нэг болгоомжлол байгаа нь улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрээр бие даасан байдлыг үгүй хийхгүй байх, төрийн хараат болгохгүй байх тал дээр анхаарч байгаа” гэв.