Жил бүрийн дөрөвдүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон тэмдэглэдэг. Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэх аж.
Тэгвэл энэхүү аянтай холбоотойгоор МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат дараах зүйлийг ярив. Тэрбээр “Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдлаараа Азийн хамгийн эрсдэлтэй таван орны нэг болсон. ХАБЭА гэхээр зөвхөн малгай, бээлий өмсүүлнэ гэдэг ойлголт хоцрогдсон” гэв.
Мөн барилга байгууламж барьдаг улирал эхэлсэнтэй холбоотойгоор “БХБЯ-ны сайд болон хотын даргыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудын ХАБЭА-д анхаарлаа хандуулж шалгалтын ажил явуулахыг уриалж байна. Хувиараа зуслан, амины орон сууц бариулж буй иргэд ч гэсэн нэг зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв таны зуслангийн байшинг барьж буй хүн бэртэж гэмтэж, амиа алдвал хариуцлага хүлээх зохицуулалттай” гэв.