УДШ УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээс хойш даруй сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Гэвч сүүлийн өдрүүдэд С.Эрдэнэд байгаа АН-ын тамгыг Дээд шүүх хүчинтэй гэж үзсэн гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн талаар шүүхээс тайлбар мэдэгдэл гаргажээ. Эл тайлбарт,
"Ардчилсан намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж,
Харин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон Ардчилсан намын тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд, аливаа захиргааны актыг хүчингүй болгохын тулд захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх ёстой. Гэтэл Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгосны дараа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар Ардчилсан намд 9020120477 дугаар бүхий тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон байна.
Тодруулбал Ардчилсан намыг тамга, тэмдгийн хяналтын дугааргүй болгосон маргаан бүхий дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь түүнд дахин тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосноор дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүх хэрэгжиж дуусгавар болсон дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзсэн.
Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ардчилсан намд тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар олгосон улсын бүртгэл /акт/ нь нэхэмжлэгч Ардчилсан намд эерэг нөлөөлөл бүхий, эрх олгосон шийдвэр буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тамга, тэмдгийн хяналтын дугаарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан С.Эрдэнэд олгоогүй, харин Ардчилсан намд олгосон байх ба Ардчилсан нам өөрт олгогдсон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосноор түүнд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу бүртгэлийн байгууллагын эрх олгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргах эрхгүй.
Харин нэхэмжлэгч Ардчилсан нам нь бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй юм" гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Лу.Гантөмөрийн талаас С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч эл тамга нь С.Эрдэнийн бус Ардчилсан намын өөрийн тамга тул маргах эрхгүй хэмээн үзжээ.