Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхий сайдын өнгөрсөн хоёрдугаар сард БНСУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч нислэгийн тоо, багтаамжийг нэмэгдүүллээ. Тодруулбал, БНСУ-руу 7 хоногт 44 удаа байсан бол 80 хүртэлх нислэг буюу өдөрт 11 удаа, дан ганц Сөүл рүү биш Бусан, Тэгү, Мёонг гэсэн 4 чиглэлд нислэг үйлдэхээр болсон. Мөн Монгол-Япон улс хооронд нислэгийн давтамж долоо хоногт 26 байсныг, 62, Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 байсныг 30 болгож гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн. Монгол-Турк хооронд 6 байсныг 34, Бээжин хот руу долоо хоногт 42 удаа нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Катар, Кувейт улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах эрхийг олголоо. Ингэснээр Ойрхи дорнод, баруун азийн орнууд руу шууд нислэгтэй болж, экспортын ачааны эргэлт нэмэгдэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Мөн өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-тай “Open sky” буюу агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, энэ оны 6 дугаар сард хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүрэн хүчин төгөлдөр болж шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. 2023 онд Австрали улстай “Open Sky” хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Мөн энэ оны эхний хагас жилд багтаан Грек, Унгар, Их Британи улстай шууд нислэг үйлдэх агаарын харилцааны хэлэлцээр байгуулах зорилт тавьж байна. Эдгээр хэлэлцээрүүдийг байгуулснаар дэлхийн гол агаарын тээврийн зангилаа цэгүүд рүү ямар нэг хязгаарлалтгүй, чөлөөтэй, шууд нисэх боломж бүрдэх юм.
Нислэгийн томилгоог авиа компаниуд хоорондоо зөвшилцөж, өөрсдөө тохиролцон сайдаар батлуулж байгааг онцлон хэлье" гэв.