Өнөөдөр /2023.02.15/ Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байгаа билээ. Эл хэлэлцүүлэгт оролцож буй хэргийн оролцогчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлтийн дагуу хаалттай горимд шилжээд буй.
Тэгвэл урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гурван өмгөөлөгч прокуроруудаас татгалзах хүсэлт гаргасан аж. Тодруулбал, өмгөөлөгчдийн зүгээс прокуроруудыг хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандаж, зохиомлоор хэрэг үүсгэсэн гэдэг үндэслэлээр татгалзах хүсэлтээ гаргасан байна. Харин шүүгч эл саналыг хэлэлцэхээр 15 минут завсарласан бөгөөд саналыг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэжээ.
Ташрамд дурьдахад, өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч шүүгчдийн зөвлөгөөнөөс эл саналыг хүлээж авахгүй байхаар шийдвэрлэж, үргэлжлүүлэхээр болоод байсан юм.