УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг гурван асуудалд холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, түүнийг өөрийн нүүрс тээврийн компанидаа С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудад авилга өгөхийг завдсан асуудалд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг хийж буй. Мөн эл хэргээс гадна оффшор данс, нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа аж.
Өнгөрөгч оны 12 дугаар сард нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй 17 хүний нэрийг хууль хүчний байгуулагуудын хамтарсан багаас дэлгэж, олон нийтэд ил болгосон. Эдгээр нэрсийн дунд А.Адьяасүрэн гишүүний нэр ч багтаад байсан юм. Ингэхдээ прокурорын байгууллагаас түүний нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг гаргасан талаар мэдээлж байсан. Тэгвэл ойрын хугацаанд прокуророос А.Адъяасүрэн нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирнэ гэх мэдээлэл ч байгаа юм.
Нүүрсний гэх тодотголтой хэргийг хууль хяналтын байгууллагын шалгаж эхэлснээс хойш 66 иргэн, албан тушаалтанд эрүүгийг хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд одоогоор тус хэрэгт долоон хүнийг цагдан хорьж байгаа юм. Үүнээс харахад нүүрс тээвэртэй холбоотой асуудлаар жижиг "жараахай" нарыг цагдаж хорьсон ч улс төрд нөлөө бүхий хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хянан шалгах процесс удаашралтай байна хэмээн олон нийт шүүмжилж буй. Иймээс хууль хяналтын байгууллагаас А.Адьяасүрэн нарын гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг оруулж ирж, нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэрэг мөрдөн шалгах явцыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.