Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Төрийн албаны тогтолцоог оновчтой болгож, цалин хөлсний шинэтгэл хийх шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, хуулийн хэрэгжилтэд онцгой анхааран ажиллаж байгаа юм.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын чиг үүргийг шинэ шатанд гаргаж, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгын хүрээнд УИХ хяналт, шалгалтын тогтолцоотой болсон. Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд 33 хяналт шалгалтын ажлын хэсэг, 3 мөрдөн шалгах түр хороо байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд хаврын чуулганы явцад Төрийн албаны үйл ажиллагааны талаар нээлттэй сонсгол хийнэ” гэж мэдэгдсэн.

Төрийн албаны тогтолцоог оновчтой болгож, цалингийн шинэтгэл хийх, тэр тусмаа төрийн албанд ёс зүйг өндөр хэмжээнд мөрддөг байхын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох хуулийн төслүүдийг бэлэн болгох шаардлага тулгараад байгааг өмнө нь Төрийн албаны зөвлөлийнхөнтэй уулзах үеэрээ үүрэг, даалгавар болгож байсныг сануулж байв.

Түүнчлэн төр, ард түмэнд шаардагдаж байгаа зүйл бол төрийн албаны ёс зүйн асуудал. Ёс зүйтэй хүн байж хууль хэрэгжинэ. Тиймээс Төрийн албаны сонгон шалгаруулалтын шаардлагад ёс зүйг чухалчилж авч үздэг байхаас гадна сонгон шалгаруулалтыг хуульчлах шаардлагатайг онцолсон.

Төрийн албаны зөвлөлийн ажил, хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байгаа хэдий ч төрийн албатай холбоотой санал гомдол иргэдээс тасрахгүй ирж байгаа нь асуудал байгааг илтгэнэ. Тиймээс цаашид төрийн албаны шинэчлэлийн бодлогыг боловсруулахдаа аль болох иргэдэд ойр үйлчилгээг, цомхон чадварлаг баг хүргэдэг байх нь чухал байгааг УИХ-ын дарга хэллээ.

Төрийн албаны зөвлөлийн өгсөн мэдээллээр 1996 онд батлагдсан төрийн байгууллагуудын ерөнхий бүтэц, бүдүүвчийг өөрчлөхөөр холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байгаа юм байна.

Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар өнгөрсөн онд 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар өнгөрсөн онд 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.