Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стенфордын их сургуулийн хүрээлэн Ковид-19-ийн Монголын туршлагыг асууж, хуваалцлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 25 секунд

Стенфордын их сургуулийн “Фримен Споглигийн хүрээлэн” нь “Цар тахлын үеийн түүхүүд" цуврал нийтлэл хүргэж байгаа аж. Тэгвэл тус нийтлэлийн хоёрдахь дугаарт “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, хорт хавдар судлаач, доктор Г.Байгалмаа Монгол улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээний туршлагыг танилцуулсан байна. Ингээд тус нийтлэлийг орчуулан хүргэе.


Орос, Хятад гэсэн хоёр том гүрний дунд байрлах Монгол улс нь дэлхий нийтийн анхаарлыг тийм ч их татдаггүй. Гэсэн ч тус улсын коронавирусний халдварыг алдалгүй, амжилттай сэргийлж буй туршлагыг бид анхааран үзэх ёстой.

Монгол улс нь эрүүл мэндийн тогтолцоо сул, халдварын анхны голомт болох БНХАУ-тай ойр байрладаг, халдварт хүндээр нэрвэгдээд буй Өмнөд Солонгостой нягт харилцаатай, цагаач ажилчид нь тэнд олноор амьдардаг гээд хэд хэдэн хүчин зүйл нь тус улсыг коронавирусний өндөр эрсдэл бүхий маш эмзэг болгодог. Гэсэн ч энэ бүхнийг үл хайхран Монгол улс Ковид-19-ийн эсрэг амжилттай тэмцэж байна.

Тэгвэл тус улсын “Мөнгөн гүүр” эмнэлгийн эмч, хорт хавдар судлаач, доктор, APARC-ийн Азийн эрүүл мэндийн хөтөлбөрийн гишүүн асан Гэндэнжаржаа Байгалмаа өөрийн улсынхаа Ковид-19-өөс сэргийлж буй стратегийн туршлагыг бидэнтэй хуваалцлаа. Тэрээр Монгол улс урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээ авч буй нь Ковид-19-тэй тэмцэхэд хэрхэн тусалж буйг тайлбарлав.


2020 оны 5-р сарын 17-ны байдлаар манай улсад шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 136-д хүрлээ. Бүгд импортын тохиолдол бөгөөд үүнээс гадаадын дөрвөн иргэн, гадаадаас эх орондоо ирсэн 132 иргэн багтаж байна. Тэднийг ХӨСҮТ-д эмчилж байгаа бөгөөд эхнээсээ эдгэрч гарч байгаа. Хамгийн гол нь иргэд дунд, дотооддоо халдвар тархаагүй нь онцлууштай.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 22-ны өдөр гишүүн улсууддаа хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж эхлэх зөвлөмж гаргасныг Монгол Улс соргог хүлээж авсан. Улмаар коронавирусний дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад тэргүүлэх байгууллага хэмээн Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөгөөг дагаж, ОБЕГ-ын бүрэлдэхүүнд Улсын онцгой комиссын үйл ажиллагааг нэн даруй идэвхжүүлсэн юм. Монгол Улсын засгийн газар нэгдүгээр сарын 25-наас бүх сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гэнэт гаргаснаар одоо бүх хичээлүүдийг телевиз болон интернетээр явуулж байна.

Хоёрдугаар сарын дундуур буюу тахал Хятадад тархахтай зэрэгцэн Монгол улсын засгийн газраас үндэсний их баяр болох Цагаан сарыг цуцлах, Улаанбаатар хот болон бусад аймгуудын хоорондох бүх орон нутгийн замыг хаах зэрэг урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээ авсан.

Түүнчлэн манай улс Хятад, ОХУ-тай хилээ хааж, хүмүүсийн орж ирэх, гарах хөдөлгөөнийг зогсоон, бүх агаарын тээврийн компаниудыг олон улсын нислэг хийхийг хориглосон. Мөн Засгийн газар Өмнөд Солонгос, Япон, Турк, Орос зэрэг орнуудаас иргэдээ татан авах ажлыг удаа дараа зохион байгуулсан юм. Гадны улсаас татан авсан иргэдээ уртасгасан хугацаагаар буюу 21 хоног тусгаарлаж, коронавирусний олон удаагийн давтан үзлэгт хамруулдаг.

“Урьдчилан сэргийлэх шийдэмгий арга хэмжээ авах нь Монголын засгийн газрын стратеги байв.

Эдгээр алхмууд нь Ковид-19-ийн тархалтыг тогтоон барихад ихээхэн тус болсон юм. Мөн зөвхөн коронавирус ч биш, бусад томуугийн өвчлөлийг ч бууруулсан ашиг тустай байв.”

Амны хаалтны хэрэглээ нь монголчуудын хувьд хэзээний танил байсан. Учир нь арваннэгдүгээр сарын эхэн үеэс томуугийн улирал эхлэхээс гадна агаарын бохирдол их байдаг тул түүнээс сэргийлэх үүднээс монголчууд шүүлтүүртэй амны хаалт зэргийг хэрэглэдэг байсан. Харин нэгдүгээр сарын 25-наас коронавирусний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газраас бүх төрийн байгууллага, банк, үйлчилгээний газар, захуудын ажилчдад амны хаалт зүүх шаардлага албан ёсоор тавих болсон. Мөн Улсын Онцгой комисс энэ журмыг зөрчсөн иргэнд 150,000₮ (54 ам.доллар) торгууль ногдуулах шийдвэр гаргасан юм.

Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд амны хаалт зүүж, гар угаахын ач холбогдолыг олон нийтэд сурталчлан, нийтийн газруудад гар ариутгагчийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллав.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Ковид-19-ийг алдалгүй барьж чадсаны хажуугаар томуугийн өвчлөл ч өмнө жилийн мөн үеийнхтэй харьцуулахад буурсан. Тухайлбал, 2019 оны томуугийн улирлаар эмнэлэгт хандсан хүмүүсийн 12,7 хувь нь томуугийн шалтгаанаар хандсан бол, энэ жил 1,8 хувь болж буурсан байна. Өөр нэгэн төсөөлөөгүй ач тус бол хүүхдүүдийн дунд ходоод гэдэсний замын халдвар буурсан явдал юм. Үүний шалтгаан нь хүүхдүүд гараа тогтмол угааж, гэртээ байсантай холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байгаа.

Манай улсын дээрх арга хэмжээг ДЭМБ-аас Монголд суугаа төлөөлөгч ноён Сергей Диордица “Монгол улс нэн даруй хилээ хааж, гадаадаас татсан иргэдээ шууд тусгаарлах, хорио цээр тогтоох зэрэг дээр маш шуурхай ажиллаа” хэмээн сайшаасан юм.

Ийнхүү Монгол улс хэдий халдвар тархах өндөр эрсдэлтэй, эмзэг бүлэгт багтаж байгаа ч, бусад улсад үлгэр жишээ болохуйц ажиллаж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөллөө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөллөө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.