Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ардчилсан намын даргад “ӨРСӨЛДӨХ“ улс төрчид

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 50 секунд

Өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд талцал хуваагдалтай явж ирсэн Ардчилсан нам өчигдөр Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаа товлож, арав гаруй цаг хуралдсаны эцэст энэ сарын 19-нд намын даргаа сонгож, Их хурлаар батламжилахаар тогтсон. Энэ утгаараа Ардчилсан намын шинэ дарга хэн байх вэ гэдэгт намын нийт гишүүд төдийгүй олон нийт анхаарал хандуулж байна. Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн дөрвөн хүн байна. Үүнд, Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар багтаж буй.

Сангийн сайд асан С.Баярцогтын хувьд, өнгөрөгч оны аравдугаар сард өөрт нь холбогдуулан шалгаж байсан Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийсэн, энэ үедээ авилга авсан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргүүдийг Швейцарийн прокуророос цагаатгасан хэмээн мэдэгдэл хийж, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно хэмээн илэрхийлж гарч ирсэн. Энэ цагаас эхлэн түүний нэр Ардчилсан намын даргад яригдаж эхэлсэн. Тэрбээр намын эвлэрлийн үйл ажиллагаанд идэвхийлэн оролцох болсон бөгөөд намын хүчтэй лидерүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Дараагийн нэр дэвшихээ илэрхийлээд буй хүн бол УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, түүнийг өнгөрөгч аравдугаар сараас эхлэн Ардчилсан намын даргаар "очих" тохироо хийсэн гэх мэдээлэл бий. Өнгөрсөн хугацаанд албан ёсны байр суурь илэрхийлэхгүй явсан тэрбээр эл тохироо үнэн гэдгийг батлах мэт өчигдрийн ҮБХ-ны хурлаар "Би С.Баярцогтыг ялна" хэмээх "жинтэй" гэгч байр суурийг илэрхийлсэн. Хэрвээ намын даргаар Л.Гантөмөр сонгогдвол МАН-ыг ч барьц алдуулж мэдэх "хувилбар" юм.

Харин УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн хувьд нам дотроо төдийгүй олон нийтийн дунд цөөхөн хэдэн эмэгтэй лидер улс төрчдийн нэг хэмээн үнэлэгддэг. Иймдээ ч тэрбээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс намынхаа эмэгтэйчүүдийг төлөөлж өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн.

Албан ёсоор нэр дэвшихээ илэрхийлсэн эрхмүүдийн дундаас хамгийн анхаарал татаж буй нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай юм. Хэдийгээр тэрбээр нэгэн цагт намаасаа гарч, "Ард түмнээ хайрлая" нам байгуулж явсан ч 2021 оны дөрөвдүгээр сард Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын даргад өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн. Харин өчигдөр тэрбээр Ардчилсан намын даргад нэр дэвшихээс гадна цаашлаад 2024 оны сонгуульд нэр дэвшинэ гэх байр суурийг илэрхийлнэ лээ.

"Эрүүлээр" харвал, намын даргад өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн эдгээр дөрвөн хүнээс ялах магадлал хамгийн багатай нь Л.Гүндалай. Ийнхүү эдгээр дөрвөн эрхэм Ардчилсан намын даргад өрсөлдөх нь тодорхой боллоо.

Харин албан бус байдлаар нэр дэвших магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын гишүүн М.Тулгат, АН-ын гишүүн Ц.Баатархүү нарын нэрс байгаа юм.

Ж.Батсуурь: ҮБХ хуралдаж, Ардчилсан намд үүсээд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавилаа
Ж.Батсуурь: ҮБХ хуралдаж, Ардчилсан намд үүсээд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавилаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.