Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг Хятадуудтай авлигын хэлцлэл хийж байсан гэх мэдээлэл тарах болов. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа үл мэдэх этгээд өөрөөс нь 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж сүрдүүлсэн талаар бичжээ.
Тодруулбал, тэрбээр энэ тухай бичихдээ "Ариунбат Эрдэнэцогт гэдэг нэртэй 91913713 дугаартай хүн, Viber ашиглан надаас 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж, сүрдүүлжээ. Хогны хар уутанд дээрх мөнгийг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ. Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм.
Хэтэрхий их action кино үзсэн нөхөрт инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Гэхдээ инээд хүрэхээсээ илүү уур хүрсэн учраас энэ талаар та бүхэнтэй хуваалцангаа сүрдүүлгийнх нь хариуг өгчихье гэж бодлоо.
1. Авлигын гэмт хэрэгтэй холбоотой ноцтой баримт байгаа юм бол тэрийгээ надад зарах биш АТГ-т хүргэж өг. Эх орныхоо төлөө, хулгайч нартай тэмцэх бодит үйлдэл болно. Битгий ийм амин хувиа хичээсэн бай. Харин гүтгэж доромжлох гэж байгаа бол хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлье. Чиний энэ үйлдэл эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү.
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломж байдаггүй. Компани дотоод засаглалаараа бүх асуудлаа шийдээд явдаг тогтолцоотой. Салбарын сайд зөвхөн бодлого гаргаж ажилладаг.
3. Нүүрсний хулгайд оролцох нь битгий хэл эсэргээрээ УУХҮ-ийн сайд байхдаа Тавантолгой компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргаж, олон улсын мэргэжлийн багийн хяналтыг тогтоож, одоо үүсээд байгаа нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй. Тухайн үед маш их ашиг сонирхол үүний ард нуугдаж, гадаад дотоодгүй IPO гаргахын эсрэг ажиллаж байна гэж мөн ч их ярьж, мэдэгдэл хийж байлаа. Нийгмийн анхаарлыг татаж чадаагүй юм. Хэрэв тэр үед олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэр гаргах түвшин нөлөөлж чадсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал манай улсад нүүрлэхгүй байсан юм.
4. "Уурхай л юм чинь ашигтай байж таарна" гэж харддаг шиг "сайд байсан л юм чинь оролцоотой байж таараа" гэж хардах хэрэггүй. Надад битгий хэл миний ойрын хүмүүс дунд нүүрстэй холбоотой бизнес эрхэлдэг нэг ч хүн байхгүйг хариуцлагатайгаар хэлье.
5. Монгол Улсын ирээдүйн боломжийг хулгайлсан нүүрсний гэх тодотголтой хэрэг, түргэн шуурхай, үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байгаа. Тиймдээ ч үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрхийг хангахын тулд хуулийн хүрээнд дэмжиж ажиллахыг хичээж байгаа.
6. Ариунбат Эрдэнэцогт гэх нөхрийн энэ сүрдүүлгийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье" хэмээсэн байна.