Өдгөөгөөс яг хоёр жилийн өмнө С.Шаарийбуу гуай “Өнчирсөн хэдэн хүүхдүүд, навсайсан амьдрал л үлдлээ дээ” хэмээн ярьж суув. Тэр үед С.Шаарийбуу гуайн яриаг дуустал сонсоод өөрийн эрхгүй урт гэгч нь санаа алдаж байснаа өнөөдөр мэт санаж байна.
Үхтэл үр харам гэж угаас үнэн үг. “Эргээд ирнэ” гэсэн охиноо харь газар бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан талаар сонссон тэр өдрөөс хойш тэрбээр өнчирч үлдсэн хоёр хүү, бэтгэрч үлдсэн эхийнх нь гомдол цөхрөлийг тайлах гэж 17 жилийг туучсан. С.Шаарийбуу гуай энэ хугацаанд “Гэмт хэрэгтнүүд уучлал гуйх өдрийг хүртэл амьд явах юм шүү” гэх бодлоор л өөрийгөө “тэжээж” явж. Энэ итгэл биеллээ олж, хоёр жилийн өмнө Малайзын шүүх Ш.Алтантуяагийн аминд хүрсэн этгээдүүдийг гэм буруутайд тооцсон юм. Харин өнөөдөр Ш.Алтантуяа агсны гэр бүлд учирсан хохирлыг шүүхийн шийдвэр гарчээ. Ингэхдээ тус улсын Засгийн газар Ш.Алтантуяа агсны гэр бүлийн өмгөөлөгчийн дансанд 1.1 сая ам.долларыг 30 хоногийн дотор шилжүүлэх шийдвэрийг шүүгч гаргасан байна. Хэдий энэ шийдвэр амиа алдсан охиныг нь босгоод ирэхгүй ч гэм буруутай этгээдүүдийг, 17 жил хууль шүүхийн байгууллагаас шударга үнэнийг нэхсэн түүний уйгагүй тэмцлийн "нотолгоо" болох учиртай.
-ТЭР ОХИНЫХОО ТӨЛӨӨ ЯВСАН ШИГ ОХИН НЬ Ч ХҮҮГИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАРИЙГ ЗОРЬСОН-
Ш.Алтантуяаг нас барсаны дараахан түүнийг чиглэсэн сөрөг мэдээллүүд нийгэмд газар авч байв. Гэр бүлийнхнийг нь ялгаагүй. Гэтэл С.Шаарийбуу гуай охиныхоо төлөө уйгагүй зүтгэсэн шиг охин нь ч ялгаагүй хүүгийнхээ төлөө харь улсыг зорьсон. Тухайн үед хоёр хүү нь найм, гурван настай байсан бөгөөд өвөө, эмээтэйгээ хамт амьдарч эхэлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй бага хүүгээ “Бусад хүүхдүүдийн адил гүйж, харайдаг болгоно оо” хэмээн ярьдаг байсан талаар С.Шаарийбуу гуай дурсан ярина лээ.
-ЯЛСАН МЭТ “ЯЛАГДАЛ”-
С.Шаарийбуу гуай зорьсондоо хүрсэн. Түүний зорилго мөнгө төгрөг, нөхөн төлбөр бус “Уучлаарай” гэдэг үгийг хэлүүлэх явдал. Хэлүүлж ч чадсан. Энэ ялалтыг шагшин, биширч магтсан улс л их байна. Гэтэл бидний ялалт хэмээн харж буйгийн цаана “ялагдал” хүлээсэн он жилүүд урсаад өнгөрч. Шүүх танхимд гэмт хэрэгтнүүд охиноо алдсан эцгийн өөдөөс харж суучихаад самар чөмлөж, гавьяа байгуулсан мэтээр гадаад дотоодод зугаалж явсан ч гэх.
17 жил бага хугацаа биш. Амьдрал орвонгоороо ч эргэж болохоор хугацаа. Ханилсан ханиа, хайртай охиноо, бага зээ хүүгээ тэр алдсан. Товчхондоо, элэг бүтэн, аз жаргалтай өнгөрүүлэх цаг хугацаагаа гэмтнүүдэд алдсан нь түүний “ялагдал” аж.
Шүүх танхимд зодолдож, гэмт хэрэгтнүүдээс хэдэнтээ заналхийлэл хүртэж нэг шөнийн дотор хоёр зочид буудал сольж, эмнэлэгт очиж амь гарч явсан гэх С.Шаарийбуу гуай өнөөдөр ч үрийнхээ төлөө “бууж өгөөгүй” аавын “дүрийг” тодоос тод батлан харууллаа.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!